УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы  2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүнээс 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн, банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байхаар, мөн банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох тухай, төлбөр барагдуулах дараалал болон хуулийн зарим нэр томьёог тодорхой болгосон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуулийн төсөлд нэг бүрчлэн тусгасан гэв.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэхээр, мөн төслийн 3 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн 73 дугаар зүйлийн 73.1.10, 73.1.11 дэх заалтын дарааллыг өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа