Улсын онцгой комисс хуралдан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв.

Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна.

Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжсэн. Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа