Авлигатай тэмцэх газрын хамт олон Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын аппарат хандивлав
Авлигатай тэмцэх газрын хамт олон цар тахалтай энэ цаг үед сайн үйлсийн аянд нэгдэж, Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын 8 аппарат хандивлав.
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням БНХАУ-ын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн “Heal Force Bio-meditech” компанид үйлдвэрлэсэн GLQ-1L загварын, хамгийн сүүлийн үеийн, нярайд нэн шаардлагатай 8 ширхэг шарлагын аппаратыг Хүүхдийн төв сувилалд өнөөдөр хүлээлгэн өгөв.
Тэрээр хэлэхдээ “Манай хамт олон өөрсдийн санаачилгаар сайн үйлсийн аянд жил бүр нэгдэж, бодитой ажил зохион байгуулдаг. Бид энэ удаагийн сайн үйлсийн аянаа Ковид-19 цар тахлын үед нярай хүүхдүүдэд зориулж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архины хамааралтай гэр бүлийн болон гээгдсэн, олдсон, эцэг эх нь тодорхойгүй, харж хандах хүнгүй, сульдаатай, амин дэмийн дутагдалтай, суурь өвчтэй нярайн ганц сувилал болох Хүүхдийн төв сувилалд нэн шаардлагатай байгаа шарлагын аппаратыг хандивлахаар шийдвэрлэсэн юм. Монголын бүх үрс халуун дулаан гэр бүлд, элэг бүтэн эрүүл саруул өсөн торниж байхыг ерөөе” гэв.
Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэг “Дөнгөж төрсөн нярайн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдгаас цусан дахь билирубиныг бүрэн шүүж чадахгүй, шарлалт үүсдэг. Шарлалт гүнзгийрвэл тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултай. Манай байгууллага өнчин, хагас өнчин, бага жинтэй, эцэг эх нь тодорхойгүй, суурь өвчтэй хүүхдийг гурван нас хүртэл нь эмчлэн сувилах, сургалт хүмүүжлийн үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг. Ийм хүүхдүүдэд халуун гараа сунган тусалж, эмчилгээний маш чухал шаардлагатай 8 ширхэг аппарат бэлэглэсэн Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олонд маш их баярлалаа” гэж хэлэв. Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын 2 аппарат ажилладаг бөгөөд Авлигатай тэмцэх газрын хамт олны хандивыг хүлээн авснаар 10 аппараттай болж байгаа юм байна.
Нярайн шарлалтыг эмчлэх аппарат хандивлах арга хэмжээнд “Мед импорт Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл, маркетингийн менежер М.Баярмагнай нарын хүмүүс оролцлоо. 10 мянган цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай, 19.5 сая төгрөгийн үнэ өртөг бүхий, чанарын баталгаатай эдгээр аппаратыг импортоор оруулж ирсэн “Мед импорт Монгол” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй уг хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжин ажиллажээ. Тус компаниас тодорхой хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд энэ үеэр тэд нярайн халууныг зайнаас хэмжигч 5 ширхэг багаж мөн хандивлалаа. “Мед импорт Монгол” ХХК өөрсдийн нийлүүлсэн тоног төхөөрөмжиндөө байнгын засвар үйлчилгээг тогтмол хийдэг учир Авлигатай тэмцэх газар сонгосон ажээ.
Сэтгэгдэл