Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр залилангийн гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "3.3 сая хохирогчтой залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгье. Зөвхөн баримт судалгаа, факт яригдана. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг 2010 онд "Энержи ресурс" барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Үүний улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирсан. 698.8 сая ам.доллараар барих гэж байсан төмөр замын өртөг одоо нэг тэрбум 281 сая ам.доллар болчихсон. Нэг сая тонн нүүрс гаргах гэж 1-2 хүний амь насыг золиосолж байна. Жолоочид өвөл машиндаа халаагч тавьж шатаж үхэж байна. 2013 онд төмөр зам ашиглалтанд орох байсан. 17 тэрбум 442 сая ам.долларын борлуулалтын ашиг олох боломжтой байлаа. Ам.долларын ханшийг өнөөдөр 1500 төгрөгь байлгах боломж байлаа. Цэвэр ашиг 7 тэрбум 402 сая ам.доллар олох байсан. Засгийн газар үүнийхээ 85 хувийг буюу 6 тэрбум 306 сая ам.долларыг хүртэх байлаа. Үүн дээр "Эрдэнэс Тавантолгой"-гоос улсад төлөх татвар 3 тэрбум 715 сая ам.доллар байсан. Ингээд нийтдээ 10 тэрбум ам.долларын цэвэр ашгийг бид алдсан. Энэ мөнгийг нэг өрхөд хуваавал 11,130 ам.доллар буюу 32 сая төгрөгийг төр нэг өрхөд өгөх байжээ. Хэрэв Ерөнхийлөгч төмөр замыг гацаагаагүй байсан бол бид нэг сая төгрөг биш энэ их мөнгийг иргэддээ өгөх байв. Мөн энэ мөнгөөр гэр хорооллын 250 мянган өрхийг 70 мкв бүхийн орон сууцанд үнэгүй оруулах боломж байлаа. Ингээд бид утаа, хөрсний бохирдлын асуудлаас салах байсан юм. Эсвэл 10 тэрбум ам.доллараар эсвэл 14 мянган цэцэрлэг барих байлаа. Төмөр замаа ашиглалтад оруулсан бол монголчууд 100 хувь Оюутолгойгоо ажиллуулах байв. 60-70 сая тонн зарсаны эцэст арай хийж 1072 ширхэг хувьцааны 96,480 төгрөгний ногдол ашиг хүртлээ. Үнэн хэрэгтээ 1,884,503 төгрөгийн ногдол ашиг авах боломжийг бид алдсан. Төмөр замыг гацаасан нь хамгийн том хэрэг. Үүний хамгийн том хохирогч нь Монголын ард түмэн. Төмөр зам баривал танк орж ирж, монголчууд эзлэгдэнэ гэж Ерөнхийлөгч хэлж байлаа. Майдар хот, Аж үйлдвэрийн парк гээд баахан макет хийгээд бурхан болчихсон. Гэвч биднээс 10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлчихаад байна. Үүнээс хэн хожсон бэ гэвэл хоёр хөрш Хятад болон ОХУ, "Голомт"-ын Д.Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.

Энэ хугацаанд ОХУ 32 сая тонн коксжих нүүрсийг Хятадад зарсан. Якутад нэг тэрбум тонн нүүрсний нөөц байна. Энэ нүүрсийг Владивостокоор Хятадад зарж байна. Элегест хэмээх хоёр тэрбум тонн нөөцтэй нүүрсний уурхай бий. ОХУ-ын зэс, нүүрс Монголын төмөр замаар дамжиж Хятад руу зөөвөрлөгдөнө. ОХУ-ын төслүүдийг явуулахын тулд Монголд төмөр зам бариагүй. ОХУ ингэж хожсон. ОХУ-ын Хятадын нүүрсний зах зээлийг эзлэх хэмжээ жил бүр өснө. Харин Монголын зах зээл шахагдана. Удахгүй Австрали мөн эргэн орж ирнэ. Төмөр замаа бариад ч хэрэггүй болно. Харин Хятад Монголоос хямд нүүрс авч хожсон. Гурав дахин бага үнээр бид Хятадад нүүрсээ зарсан. "Голомт"-ын Д.Баясгалан болон "Бодь" групп долоон ам.доллараар буюу бага өртгөөр нүүрс авч байна. "Бодь" групп 2.770 сая тонн нүүрсийг зарсан. Энэ хүн 1 тэрбум ам.долларыг ашгийг ганцаараа хүртсэн. Монголоос долларын тэрбумтан төрж байна. Х.Баттулга Оросын даалгаврыг амжилттай биелүүлсэн. Д.Баясгалан найздаа төмөр зам авч өгсөн. Магадгүй би энэ бүхнийг мэдээлснийхээ төлөө шоронд орж магадгүй. Төмөр замын тендерийн талаарх мэдээллийг улсын нууцад хамааруулсан. Хэрэв энэ хэргийг сөхвөл эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Ийнхүү 3.3 сая хохирогчтой хэргийн ялагч нар нь эдгээр хүмүүс. Монгол ялагдчихсан. Монголд баяжуулах үйлдвэр байхгүй Хятад ялсан байна. Оросууд баяжуулах үйлдвэрээ барьж байна. "Голомт"-ын Д.Баясгалан тендергүйгээр төмөр зам барих эрхийг авсан. Найздаа Гавьяат эдийн засагч цол өгчихсөн учир би энэ хоёрыг найзууд гэж хардаж байгаа юм. Хэрэв 2013 онд төмөр зам баригдчихсан бол бид сая гаруй төгрөгийн ногдол ашиг авах байлаа. "Голомт"-ын угшилтай шүүгчийг Ерөнхийлөгчийн институц дээд шүүхэд томилох гэж үзлээ. Харин Монголын заяа түшиж ийм зүйл болсонгүй. Энэ алдсан 10 тэрбум ам.долларыг нөхөх боломжгүй. 100 мянган залуучуудад 100 мянган ам.доллар өгөөд дэлхийн топ сургуулиуд руу явуулах боломж байлаа. Бид алдчихсан. 2023 онд Оросууд 65 сая тонн коксжих нүүрс тээвэрлэх маш том терминаль барьж Монголчуудыг зах зээлээс шахах гэж байна. Би тооцоо судалгаагаа та бүхэнд нээлттэй болгоно" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа