Монгол Улсад "COVID-19"-ийн эсрэг вакцин авах 50.7 сая ам.долларыг баталлаа
ВАШИНГТОН ХОТ. Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Mонгол Улсад "COVID-19" цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд зориулсан 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталлаа. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм.
Цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны маш хариуцлагатай бөгөөд эгзэгтэй цаг мөчид уг санхүүжилт батлагдаж байна. Монгол Улс цар тахлын дэглэлтээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр шийдэмгий арга хэмжээг 2020 оны эхнээс авч хэрэгжүүлж ирсэн билээ. Халдварын тоо тус улсад харьцангуй бага байгаа хэдий ч дотоодын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цааш үргэлжлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх болон вакцин зэрэг нь нэн чухал зорилтууд болоод байгаа юм.
Энэхүү батлагдсан нэмэлт санхүүжилт нь хүн амынхаа 60-с доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, "COVID-19"-ийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхийг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлүүдийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ.
“Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсын нийгэм эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад найдвартай, үр дүнтэй вакцин чухал үүргийг гүйцэтгэнэ” гэж Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Андрей Михнев тэмдэглээд “Өнөөдөр батлагдсан энэхүү нэмэлт санхүүжилт нь "COVID-19"-ийн эсрэг вакциныг эрх тэгш нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоог цаашид улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэв.
Олон талуудын хүчин чармайлтаар хэрэгжиж буй ACT-A, COVAX зэрэг хөтөлбөрүүдийн санаачлагчдын нэг болох Дэлхийн Банк нь вакциныг өргөнөөр нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын чадавхийг дэмжих тал дээр идэвхтэй ажилласаар байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сантай нягт хамтран ажиллаж байна.
2020 оны 4 дүгээр сард батлагдсан Mонгол Улсад "COVID-19" цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл нь нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг гурав дахь шатлалын гурван төв эмнэлэг болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийлүүлэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэхэд зориулагдаж байна гэж Дэлхийн банкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл