"Ковид-19"-ийн вакциныг түгээхэд агаарын тээврийн компаниуд хамтарна
НҮБ-ын Хүүхдийн Сан өнөөдөр “Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн хэлэлцээрт дэлхийн тэргүүлэх 10 гаруй агаарын тээврийн компани нэгдэж, "Ковид-19"-ийн эсрэг вакцин болон эм, эмнэлгийн хэрэгсэл, цар тахалтай тэмцэхэд зориулсан бусад чухал хэрэгслийг тээвэрлэхэд эн тэргүүний ач холбогдол өгч, шуурхай тээвэрлэх чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн Сантай гэрээ байгууллаа. Тус хэлэлцээр нь цаашид ч хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн онцгой байдлын үед ашиглах логистикийн нэгэн чухал механизм болж, тогтвортой ажиллах юм.
100 гаруй улс орны агаарын тээврийн замыг хамарсан томоохон компаниудыг нэгтгэсэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн энэхүү Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр нь "Ковид-19"-ийн вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй түгээх зорилго бүхий "КОВАКС" хөтөлбөрийг дэмжин ажиллах юм.
"КОВАКС" хөтөлбөрийн хуваарилалт, түгээлтийн урьдчилсан хуваарийн дагуу эхний ээлжид дэлхийн 145 улс орон дунджаар хүн амынхаа 3 хувийг 2021 оны эхний хагасаас эхлэн дархлаажуулах вакциныг хүлээж авах юм. Гэхдээ эдгээр улс орнууд тодорхой шаардлагуудыг хангаж, хуваарилалтын эцсийн төлөвлөгөөнд хамрагдсан байх ёстой.
Хэлэлцээрт хамрагдаж буй агаарын тээврийн компаниудын зүгээс вакцин болон нэн шаардлагатай хэрэгслүүдийн тээвэрлэлтийг хурдан шуурхай хийж, хадгалалтын горим, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээхээс гадна шаардлагатай чиглэлүүдэд нислэгийн тоо, хүчин чадлаа нэмэх үүрэг хүлээнэ.
Амь нас аврах энэ чухал ачааг шуурхай, аюулгүй тээвэрлэх нь хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан тусламж үйлчилгээнд чухал дэмжлэг болох юм. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакциныг нийлүүлж, тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилтнуудыг вакцинжуулснаар эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг хэвийн горимд нь эргэн оруулахад дэмжлэг үзүүлнэ.
"КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан вакцин, тариур, хамгаалалтын хувцас хэрэгслийн худалдан авалт, олон улсын тээвэрлэлт, улс орнуудын бэлэн байдлыг хангах чиглэлд ажиллаж байна.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан
Сэтгэгдэл