БНХАУ-ын ӨМӨЗО-оос 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210 мянган юань хандивлав
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаан загалмайн нийгэмлэг коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж Монгол Улсын Соёлын яам, МУЗН, МСНЭ-д хандив гардуулах цахим хэвлэлийн хурал боллоо.
Арга хэмжээнд оролцсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгч "Олон жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Монголын Улс хамтран соёлын өдрүүдийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Хятад-Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилсээр ирсэн. Монгол Улсад цар тахалтай тэмцэх зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас амны хаалт, хамгаалалтын хувцас, бээлий зэргийг хандивлаж байсан. Энэ удаад Монгол Улсын Соёлын яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд тус бүр 30 мянган амны хаалт, 10 мянган бээлий, Монголын Улаан загалмай нийгэмлэгт 210,000 юань хандивлалаа. Цар тахалтай тэмцэх энэ үед Монгол- Хятадын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна " гэв.
Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат цар тахлын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210000 юань хандивлаж байгаад талархаж байгаа илэрхийлэв.
МСНЭ-ийн Телевиз хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:
-Дэлхий нийтээрээ ковид цар тахалтай тэмцэж байна. Энэ үед Өвөрмонгол ахан дүүс сэтгэлийн дэм, хандив тусламж илгээж байгаад талархлаа илэрхийлье. МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газартай хамтын ажиллагаатай явж ирсэн. Хоёр талын хамтын айлчлал, сурвалжлагыг жил бүр зохион байгуулдаг. Бидний хамтын ажиллагаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа.
МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа:-Монгол Улсад коронавирусийн халдварын тоо буураагүй, ялангуяа нийслэл хотод нэмэгдсээр байна. Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэн, бүх нийтийн хатуу хөл хориог хоёрдугаар сарын 11-23-ныг хүртэл тогтоосон. Одоо ч гэсэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үргэлжилж байна. Хатуу хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагаа зогссон тул ажилгүй, орлогогүй болж байгаа өрх нэмэгдэж байна. Цар тахлын энэ үед хандив тусламж үзүүлж байгаа ӨМӨЗО-ны ард түмэнд гүн талархал илэрхийлж байна. Өнөөдрийн энэ цахим хурлаар хоёр орны улаан загалмайн нийгэмлэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна. Бид та бүхний үзүүлсэн мөнгөн тусламжаар олон хүүхэдтэй эхчүүд, амжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний тусламж олгох болно. Өнгөрсөн онд МУЗН-ээс хүнсний хомстолд орсон өрхөд хүнсний тусламж үзүүлж байлаа. ӨМӨЗО-ны иргэд сайн дурын үндсэн дээр хүнсний тусламж олгох аянд нэгдэж, 2500 өрхөд хүнсний тусламж үзүүлсэнд талархаж байна гэлээ.
Мөн "Монгол Улсад халдварт цар тахалтай тэмцэх хандивын арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадын ард түмэнд 30 мянган хонь илгээсэнд бид гүн талархаж байдаг. Монголын Улсад цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа. Бид Монголын ард түмний талд тууштай зогсож, чадах чинээгээрээ туслах болно. Бид хамтдаа бие биедээ тусалж чадвал цар тахлыг даван туулна гэдэгт итгэлтэй байна " гэдгийг ӨМӨЗО-ны төлөөлөгчид онцлов.
Сэтгэгдэл