- Сэтгүүлч
- 2021/03/18
- 451
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга нар цахимаар хуралдлаа
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын хэсгийн дарга нарын уулзалт 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, оросын талыг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченко нар тэргүүлж оролцов.
Цахим уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үеийг үл харгалзан хоёр улс сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсад үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр зохион байгуулах чуулга уулзалтуудад ОХУ-ын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах, Оросын томоохон хотуудад хамтарсан бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах саналыг Шадар сайд дэвшүүлэв.“ Спутник-V” вакцины эхний ээлжийн тунг Монгол Улс хүлээн авч, хүн амыг дархлаажуулж эхэлсэн. Хамтын хүчээр цар тахлыг таслан зогсоож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн энэ үеэр онцоллоо.
Талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн салбарын өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв. Мөн ОХУ, БНХАУ-г холбосон хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил эрчимтэй хэрэгжиж буйг талууд онцлон тэмдэглэлээ.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хийх бүтээлч ажлын хамтарсан төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл