Инфографик: Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлснийг УИХ-ын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам, газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулснаар цэргийн алба хаагчдын цалин, орлого нэмэгдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн санд тодорхой хөрөнгө төвлөрч, Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэл, бэлэн байдал, сургалт, бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Зэвсэгт хүчний хөгжлийн санг 8 төрлийн эх үүсвэрээр бүрдүүлэхээр заасан хэдий ч тус сан нь зөвхөн энхийг дэмжих ажиллагааны нөхөн төлбөрөөс хөрөнгөө бүрдүүлж ирсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс орлого бүрдүүлж байгаагүй юм.
Иймээс Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрөх бүтээн байгуулалтын ажлын орлогыг Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д /“Төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого”/ заасантай нийцүүлэн батлан хамгаалах асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн нэмэлт орлогод тооцож, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулахаар тусгалаа.
Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрт гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж болон сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн хүүгийн орлого зэргийг шинээр тусгаж, сангийн орлогын эх үүсвэрийг баталгаажууллаа.
“Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан тусгай сангийн төрөлд хамааруулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг Зэвсэгт хүчний тухай хуулиар, нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулах эрх зүйн зохицуулалтыг хийсэн болно.
Үүнээс гадна “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” нь улсыг батлан хамгаалах, зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, зэвсэглэл, техникийн шинэчлэл, бэлэн байдал, сургалт бэлтгэлтэй шууд холбоотой байдгаас гадна гадаад улстай байгуулсан цэрэг болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд сангийн хөрөнгөөр Зэвсэгт хүчинд байлдааны зэвсэг, техник, тоног төхөөрөмж худалдан авдаг тул энэхүү сангийн зарим орлого, зарцуулалтыг Төрийн болон албаны нууцад хамааруулах зохицуулалтыг хийлээ.
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулснаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, Зэвсэгт хүчний хөгжилд бодитой үр дүн үзүүлэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл