Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт “Тодруулга авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүслээ.

“Тодруулга авах тухай” албан бичигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Улсын дээд шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын Их Хуралд санал болгосон байх бөгөөд ингэхдээ бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийг нь чөлөөлж, хэнийх нь оронд дараагийн гишүүнийг томилох талаар тодорхойгүй санал ирүүлсэн нь хууль зүйн зөрчил, маргаан үүсгэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах бөгөөд улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах нь зүй ёсны шаардлага мөн гэж үзэж байна.

Иймд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийг нь чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох талаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тодруулан ирүүлнэ үү.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж заасан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 45.3-т заасны дагуу ёсчилсон хууль, тогтоолыг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ”, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байдаг тул энэ хугацаанд багтаан ирүүлэхийг Танаас хүсье” гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа