Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг боловсруулж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны VII хороолол орчмын “Б” хэсэгчилсэн талбайн долоон га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Пример инвестмент групп” ХХК нь 108 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.

“Пример инвестмент групп” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/234 дугаар захирамжаар тус талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд нийслэл хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 12 блок 640 айлын орон сууц, оффис үйлчилгээний барилга, 200 хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж, 300 метр авто зам, инженерийн шугам сүлжээ бүхий иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан цогцолбор орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Пример инвестмент групп” ХХК нь 2015 онд нийт 65 нэгж талбарын газрыг чөлөөлөн 2017 онд 60 айлын нэг блок орон сууц, 2018 онд 60 айлын нэг блок, нийт 120 айлын орон сууцны барилга угсралтыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Өнөөдөр нэг блок 108 айлын орон сууцыг байнгын ашиглалтад оруулан, газар чөлөөлсөн иргэдэд түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү, орлогч дарга Б.Азжаргал, “Пример инвестмент групп” ХХК-ийн захирал Н.Мягмардорж болон албаныхан, мөн тус байршилд газраа чөлөөлсөн, шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй иргэд оролцлоо.

Цаашид “Пример инвестмент групп” ХХК нь энэ онд шинээр нэг блок 60 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд жил болгон 60-100 айлын орон сууц ашиглалтанд өгөх зорилт тавьж, ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа