Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ оны 7 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан энэ сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ.
“Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хамгаалах төрийн зохицуулалт хийсэн улс боллоо. Манай улс сүүлийн 30 жил хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээ, конвенцуудад нэгдсэн ч бодит байдал дээр хүний эрхийн хамгаалагчдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, амь насанд нь халдсан тохиолдол гарсан. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хамгаалах шаардлага бий болсон. Дэлхийн 40 гаруй улсад хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийг баталсан байдаг. Энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барих үйл ажиллагаанд олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн нэгдлүүд, зөвлөх судлаачид идэвхтэй хамтран ажилласан” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцоллоо.
Манай улсын эрх зүйн тогтолцоонд, тэр дундаа хүний эрхийг хамгаалах системийн хүрээнд нэг шинэ алхам хийгдлээ. “Хүний эрхийг хамгаалагч” гэх ухагдахуун, цоо шинэ ойлголт манай эрх зүйн тогтолцоонд орж ирж байгаа гэдэг утгаараа цар хүрээгээ тэлж байгаа юм. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, шинэчлэгдэж байх ёстой юм. Хүний эрхийг хамгаална гэдэг зөвхөн төр, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажил биш. Хүний эрхийг хамгаална гэдэг бол заяамал, иргэн бүрийн эрхийн асуудал учраас бүгд нийтээрээ хамгаалж байх ёстой. Гэвч амьдрал дээр хамгаалдаг хүний тоо, эрхээ эдэлдэг хүний тооноос үргэлж цөөн байдаг. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд дуугарч байгаа цөөн хүнийг дуугарах эрхийг нь урамшуулж, хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоотой болгох нь чухал байдаг. Ингэснээр нийгэм өөрийгөө хамгаалах чадвар бэхжинэ. Цаашид хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах шинэ тогтолцоог бий болгоход төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон учраас иргэний нийгмийн нэгдлүүд хүчтэй дуугарч, дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй. Иргэн бүрийн эрх хамгаалагдах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэллээ.
Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох бөгөөд Комиссын бүрэлдэхүүнд хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг шинээр томилох юм байна.
Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Сэтгэгдэл