Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригийн (2021.04.10) чуулганы хуралдаанд орж ирээд, хачирхалтай мэдэгдэл хийлээ. Тэрээр өмнөхтэйгөө адил нэрийг нь хэлээгүй ч нэг хүн рүү чиглэсэн нь илт. Ерөнхийлөгч ийн Их хурлын индэр дээрээс хоёр ч удаа хүн гүтгэлээ. Эхнийхэд нь Засгийн газар огцордог өдөр нэр бүхий улстөрчдийг төрийн эргэлт хийлээ гэж гүтгэсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эргэлт гэж юуг хэлдгийг мэддэггүй бололтой. Иргэд жагсаж, Засаг өөрөө огцрох нь яавч төрийн эргэлт биш. Тэр тусмаа Засгийн газрын тэргүүн биш, сайд биш улстөрчдөд ямар ч хамаагүй. Гэтэл шууд л тусгаар улсын төрийн тэргүүн мөртлөө "Төрийн эргэлт" гэж хэлсэн нь маш том алдаа болсон юм. Зөвхөн энэ үгнийх нь төлөө импичмент хийхэд ямар ч эргэлзээгүй ажлаа өгөх ёстой. Түүний ингэж хэлсэн нь, нэр заан хүн гүтгэсэн нь нарийн яривал маш олон гэрчтэй гэмт хэрэг гэж хэлж болох юм.

Өнгөрсөн баасан гаригт УИХ дахь ажлын хэсэг мэдэгдэл хийж, “Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа талаар АТГ-аас бидэнд мэдээлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэхүү хэрэг дээр онцгой анхааран ажиллаж байгаа талаар ажлын хэсэгт албан бичиг ирүүлсэн. Өмгөөлөгч Б.Баасанцогт болон бусад нэр бүхий шүүгч нартай холбоотой асуудлууд дээр цагдаагийн байгууллага хэрэг бүртгэх хэрэг нээгээд, үүнийг АТГ харьяаллын дагуу шилжүүлж, АТГ дээр мөрдөн байцаах шалгалт хийгдэж байна. Энэ хэрэг дээр Улсын ерөнхий прокурор мөн ажлын хэсэг гарган, шалгаж байна. Түүнчлэн ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ руу зорчиж, Алтанбулагийн боомтоор орж ирэхдээ их хэмжээний ам.доллар авчирсан гэх мэдээллийг ТЕГ шалгаж байгаа талаар мөн мэдээлэл ирүүлсэн. Нэр бүхий шүүгч, прокурор, хуулийн ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны талаар иргэдээс мөн гомдол, мэдээлэл ирж байгаа. Бид бүх хуулийн ажилтан алба хаагч шүүгч прокурор нар биш хэдхэн ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус үйл ажиллагаа явуулдаг хонгилын хэдхэн шүүгч, прокурор, хуулийн ажилтан албан хаагч нарт л хариуцлага тооцох тухай ярьж байгаа" гэж мэдэгдсэн юм. 

Мэдээж энэ мэдээлэл Ерөнхийлөгчид таалагдсангүй. Цааш задарвал өөртэй нь холбогдож мэдэх, одоо мэдэгдэж байгаагаар өөрийнх удирддаг ҮАБЗ-ийн асуудал, дотны хүмүүсийнх нь нэр яригдаж байгаа. Энэ бүхэн Ерөнхийлөгчийг дахин чуулганы индэр рүү хөмсөг зангидан гарч ирэхэд хүргэв. Ерөнхийлөгч зургаан улсын шүүхээс шалгагдаж, нотлогдож буй мэтээр бусад руу хандсан гүтгэлэг бүхий мэдэгдэл хийв.

Сүүлийн үед Ерөнхийлөгчийн дур зоргоороо авирлах нь хуулиар олгогдсон эрхээсээ давсан. Цэцэд гүйж очиж нөлөөлөх оролдлого хийх, хууль зөрчиж хориг тавих гэх мэтээр. Тэгээд ч тэссэнгүй. Өнгөрсөн баасан гаригийн чуулганд орж ирж, уур бухимдлаа дарж дийлэлгүй өөрийгөө илчиллээ.

Тэрээр Лондонгийн Арбитрийн шүүхэд өөрийн гар хөлөө явуулж, баахан бор шар мэдээ шидүүлээд, нэр бүхий хүмүүсийг буруутгахаар улайрч байна. Үүнийгээ чуулганы индэр дээрээс мэдэгдэл хийхдээ "Би Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг хүргүүллээ. Учир нь хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гэхэд Монгол Улс Лондонгийн Арбитрийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байгаа. Учир нь Лондонгийн шүүхэд Монгол Улсын Засгийг газрыг хариуцлагчаар татсан маргаанд Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт өгөх хугацаа дөхөж байна.

Маргааны хүрээнд хуулийн фирм нь Оюу толгойн гэрээ хэлцлийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой хэргийг, дэлхийн 6 орны шүүхэд явагдаж буй илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатайгаа удаа дараагийн зөвлөмжөөр ирүүлсээр байна. Оюу толгой  Олон улсын Арбитрийн шүүхэд эхлүүлсэн маргаанд хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсний дагуу сөрөг нэхэмжлэл гаргах явдал нь зүйтэй гэж үзлээ" гэх зэргээр ярив. 

Хачирхалтай нь, Монгол Улс, Оюу толгойн Арбитрийн маргаанд өмгөөлөл үзүүлж буй “Кинг энд спалдинг” хуулийн фирм нь гадны шүүхэд нэр бүхий иргэдээ өгсөн өөр хэргийн шүүхийн маргаанд давхар оролцож яваа юм. 

Ерөнхийлөгч энэ сонгуульд өөрөө ялахын тулд сонгуульд өрсөлдөж магадгүй гэж онилсон хүмүүсийг гадаадын зургаан орны шүүхэд өөрийн багийн хүмүүсээр матаас бичүүлэн, хуулийн фирмд хандсан байдаг.

Энэ үйлдлээрээ нэр бүхий улстөрч, өрсөлдөгч намыг гүтгэн харлуулснаар сонгуульд ялж, дахин Ерөнхийлөгч болно гэж тооцож байсан ч энэ хүсэл нь санаснаар нь болохгүй байгаа. Өрсөлдөгч  нь өөр хүн болж таарч байх шиг байна. Гэвч цаг хугацаа, мөнгө хөрөнгө зарцуулсан энэ гүтгэлгээ сонгуулийн хөзөр болгохоор шийдэн, улам улайрч байгаа нь илт байна.

Оюу толгойн асуудлаар Монгол Улсын Засгийн газар Арбитрт маргаантай байхад улсаа энэ маргаанд ялаасай гэхийн оронд ялагдаасай гэж хүсэж байгаа хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч л байх шиг байна. Тиймдээ ч чуулганы индэр дээр Арбитрын шүүх дээр сөрөг нэхэмжлэх гаргаж байгаа хэмээн улайран зарлалаа.

Ерөнхийлөгчийн гаргаж буй сөрөг нэхэмжлэл нь хоёр талын Арбитрийн маргаанд сөргөөр нөлөөлнө үү гэхээс сайнаар тусахгүй нь тодорхой. Монгол Улсын шүүх, гадны аль ч шүүхээр тогтоогдоогүй асуудлыг ингэж улсынхаа эрх ашгийн эсрэг хувийн зорилгоор улстөржүүлэх нь манай улсад л сөрөг үр дагавартай. 

Угтаа гадны шүүхийн байгууллага ирүүлсэн гомдлын мөрөөр шалгалт явуулсан ч авч хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэж, буруугүй гэж гадны шүүхүүд үзээд, зарим нь үндэслэлгүй хов живийн чанартай нэхэмжлэлийг хүлээж авахгүй байхад л энд бусдыг  буруутан болгож харлуулахын тулд улсаа бүхэлд нь хохироох гээд байна.

Х.НОМИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа