Ерөнхийлөгчийн хувийн улс төр хэтийдэж, төрийн институтын өмнөөс шүүхэд ханджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд гурав хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ нь хуулийн зөрчил үүсгэсэн гэдгийг зарим хуульч хэлж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн ба шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүгч А.Эрдэнэцогт нар хуулиа судлалгүйгээр сүрийг бадруулсан бололтой юм.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хуульч А.Эрдэнэцогт Ерөнхийлөгчийг төлөөлөн Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд хандахдаа “Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан мэдээллийг тараасан. Талбай дээр болсон тайван жагсаалыг Ерөнхийлөгч өдөөн турхирч, санхүүжүүлсэн зүйл байхгүй. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх үйл ажиллагааг явуулаагүй гэдгээ нотолж, нэр төрөө сэргээлгэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан” гэсэн юм.
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний хуулийн багийнхан Төрийн тэргүүний сэнтийг нэг хүнд нааж, өмчлөх гэсэн оролдлого гаргаж байгаад хуульчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх тухайд Үндсэн хуулийн Цэцээс маргаан үүсгэсэн бөгөөд шийдвэр гаргахын өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн байранд хоёронтаа биечлэн очсон байдаг. Гэтэл энэ нь Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого болсон төдийгүй хувь хүний амбийцаа барьж дийлээгүй үйлдэл хэмээн Д.Үүрцайх тэргүүтэй хуульчид дүгнэсэн. Учир нь “Ерөнхийлөгч бол институт болохоос хувь хүн биш” гэдэг агуулгаар тэд тайлбарлаж байв.
Тэгвэл Ерөнхийлөгч хувийн улс төрдөө дийлдсэн алхмыг дахин хийсэн нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн албан тушаал нь Х.Баттулга гэдэг хувь хүний өмч биш бөгөөд нэр төр гэдэг нь хүний тухай ойлголт болохоос төрийн институт, эрх мэдэлд хамаардаггүй байна. Энэ тухайд Үндсэн хуулийн эрхийг барич Б.Чимид нэгэн цагт дээрхтэй адил агуулгатай тайлбар хийж байсныг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнгөрсөн жил твиттерт жиргэж байв.
Тодруулбал, “Нэр төр гэдэг нь хүний тухай ойлголт болохоос төрийн институт, эрх мэдэлд хамаарахгүй гэх хүний эрх, dignity тайлбарладаг онолтой Үндсэн хуулийн энэ заалт нийцэхгүй байгаа мэт санагдаад Б.Чимид багшаас асууж байв. Тухайн үед Б.Чимид багш “Иргэдээс Ерөнхийлөгчийн нэр төрийг хамгаалах гэж биш, Ерөнхийлөгч хийж байгаа тэр хувь хүнээс нь Төрийн тэргүүний нэр төрийг хамгаалах гэж ийм заалтыг оруулсан юм” гэж хариулсан” хэмээж байв. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн институтыг өмчлөх хүсэлдээ дийлдэн, хувийн улс төр хийж эхэлсэн нь энэ болжээ.
Сэтгэгдэл