Оюутолгойн хэлэлцээрээс С.Ганбаатарыг нэн яаралтай татъя
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс балбаж ирсэн, үеийн үед улстөржиж Оюутолгойгоор шантааж хийдэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газрын гишүүдийн "Рио Тинто" компанитай хийж буй хэлэлцээрийн ажлын хэсэгт орчихсон сууж байх юм. Эхний хэлэлцээнд өчигдөр "Рио Тинто" компанийг төлөөлж, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцсон. Харин Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцсон юм.
Засгийн газарт Оюутолгой төслийг сайжруулахад УИХ-аас хүч татах зайлшгүй шаардлага байсан юм бол парламент асуудалд хариуцлагатай хандаж, шантааж хийдэггүй, цэвэр эдийн засгийн мэдлэг, туршлагатай хүмүүсийг энэхүү ажлын хэсэгт багтаасан бол хэчнээн нэмэртэйсэн билээ. Харамсалтай нь, С.Ганбаатар нарын гишүүд ажлын хэсэгт багтсанаараа эхнээсээ төсөл сайжирна гэх хүлээлтийг үгүй хийгээд байна. С.Ганбаатар нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор одоо хатгаасаар Оюутолгой дээр улстөржсөөр байна. Эх орончийн дүр эсгэсэн С.Ганбаатарт Монголын эрх ашиг нэгдүгээр асуудал биш өөрийн эрх ашиг л гэж бий.
Асуудал хүндэрвэл шууд л зугатна. Тиймээс УИХ-д Оюутолгой төслийг Монголын эрх ашигт нийцүүлэх чин зорилго байгаа бол цаг алдалгүй С.Ганбаатарыг татаад, орлуулж өөр гишүүнээр сэлгээ хий. Монголын талыг төлөөлж, хэлэлцээний ширээний ард суусан төлөөлөгчид нэгдмэл байр суурьгүй байна гэдэг яриа хөөрөө чих дэлсч эхэлсэн. Энэ бол Монголын талынхны зэс нь цухуйж байна гэсэн үг. Ийм байдлаар эхний өдрөөс л төлөөлөгч бүр нь өөр, өөр байр суурь баримтлаад эхэлбэл хөрөнгө оруулагч талд л ашигтай тусна. Нэг амтай, нэгдмэл байр суурьтай байж хэлэлцээ амжилтад хүрдэг гэдгийг хүн бүр л мэдэх учиртай. Иймээс УИХ С.Ганбаатарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэн даруй татаж, зангарагтай гишүүнээрээ сэлгэхийг хүсье.
Х.САРАН
Сэтгэгдэл