Манай толгой сэхээтнүүд, улстөрчид, Ерөнхий сайд нар, толгой бизнесмэнүүд шоронд сууж. Урьд өмнө  ийм жишиг байгаагүй. Ерөнхийлөгч Х.Баттулгын үед л бөөн бөөнөөрөө  шоронд суух болсон. Нэг талаас харахаар авлигатай тэмцээд аль болохгүй бүтэхгүйг нь шоронд хийчихсэн юм шиг харагдавч нөгөө талаас аль боловсролтой, өнгөтэй өөдтэйг нь өчүүхэн жижиг шалтгаан хэлээд явуулчихсан байх юм. Анзаарсан бол хэн нэгнийг нь эсвэл хэсэг бусгаар нь шүүхэд очуулахдаа одоогийн Ерөнхийлөгч маань заавал суурийг нь бэлддэг байх юм.  Ингэхдээ  тухайн хүний тухай сошиал болон хэвлэлээр баахан муулна. Болох бүтэхгүй хүн шиг ойлгуулна.

Троллууд нь үнэнч гэж жигтэйхэн, сэвнэ ч гэж янзтай. Нэг л мэдэхэд өнөөх хар масс гэгч нь гүтгэлэг  сэвээнд итгээд буруу зөвийг ялгалгүй Монголын сэхээтнүүд, төрд ажиллаж байсан хүмүүсийг  зүхэж эхэлдэг. Ингээд нэгэнт сэтгэл зүйг нь бэлдчихээр ямар ч хэрэг үүрүүлээд шоронд явуулсан хэн ч гайхахаа байж, угаас иддэг уудаг, луйварчин түүвэрчин гэж хараагаад л бахаа хангаад өнгөрөх юм. Шоронд явсан С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Б.Бямбасайхан, Б.Болор, С.Баяр, М.Энхсайхан, Да.Ганболд шоронд хийхээр завдан байгаа Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж,  С.Эрдэнэ, Э.Бат-Үүл   нар чухам яагаад Ерөнхийлөгчийн зуултанд оров.

Амьд ахуйдаа Ерөнхийлөгчөөр элдвээрээ хэлүүлсэн Г.Батхүү, үргэлжийн мөнх Ерөнхийлөгчийн зуултанд байдаг Ж.Оджаргал захиралтай “MCS” яагаад түүний дургүйг хүргэдэг вэ.  Эдгээр хүмүүс Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ямар холбоотой болоод шоронд явах болов. Заримыг нь явуулахаар байн байн зорилтот гүтгэлэг, алсуур бэлдсэн чулуу шидээд эхлэв.  Ерөнхийлөгчийн багийн явуулдаг гүтгэлэг дайралтын аргачлал одоо их амархан уншигддаг болсон. Оффшор данс, хятадын эрлийз, Дубайн гэрээ, Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой, гадаадын шүүх гэх мэт. Үй зайгүй нөхөрлөж явсныгаа ч, нэг нам гээд зүтгэж явснуудаа ч, ардчилал гээд хамт зүтгэж байснуудаа ч, нутаг хошууныхнаа ч зүгээр өнгөрөөсөнгүй. Учир нь тэд бүгд өөрийнх нь эрх ашгийг хангаагүй юм. Бизнес дээр ч, улс төрд ч түүний шуналыг гүйцэлдүүлээгүй юм.

 Ерөнхийлөгч маань ерөнхийдөө “Гарьд Магнай” дээр гардаг Амбантны цагаан Жигмэд юм уу даа. Учраагаа  ямар ч хамаагүй аргаар унагаж, зүрхийг нь үхүүлж ёс зүйгүй загнадаг,  ёроолгүй шуналтай  Ерөнхийлөгчтэй улс болжээ.
 
MCSбуюу Ж.Оджаргалаас авсан өшөө авалт нь улсаа хохироолоо

Манай Ерөнхийлөгч өмнө нь бол “MCS”  гэдэг сэдэвтэй байлаа. Олон жил  араандаа зуусан нь Худалдаа хөгжлийн банкны хувьцаанаас эхэлж, Ухаа худгийн лицензээр үргэлжилж, төмөр замын асуудлаар даамжирсан  юм.  Ингээд өшөө авч эхэлсэн. Төмөр замын ажлыг нь гацааж байгаад тэрний үр дүнд Монгол Улс хэдэн сая тонн гүүрс гаргаж чадаагүй, алдагдал хүлээв. Баянхонгор аймагт байдаг зэсийн том ордыг улсад өгөхийг шахсанаар Ж.Оджаргалыг өөд уруугүй “нүдэх нь” сүүлийн үед арай багасав.

Ямар ч байсан Ж.Оджаргалд саад хийж, байнгын хорлон сүйтгэх ажиллагаа явууулснаар Монгол Улс  төмөр зам барьж, нүүрс гаргаагүйгээс олон тэрбум доллар олох боломжоо алдсан. Төмөр замгүйгээс олох ашгаа олж чадаагүй улс минь хөөрхий бөгөөд  үр дүнд нь  говийн зам там болж л үлдсэн дээ. Өрсөлдөгчөө намнах гээд улсаа хорлосон Ерөнхийлөгч Х.Баттулгын өшөө авалтын нэг түүх ийм.
 
Хэвлэлээр хэрэлдсэн М.Энхсайханыг шоронд оруулж санаа амрав

М.Энхсайхантай олон жил хэвлэлээр хэрэлдэж, эцэст нь М.Энхсайхан шоронд орлоо. Эхлээд Тавантолгойг батлуулаагүй ч боловсруулсныг нь Монголоос урвасан гэж мушгин гуйвуулж, зандалчлах гэдэг хэргээр шалгуулаад олигтой “но” илрэхгүй болохоор нь  Тавантолгойн төслийн багт жип машин хямд үнээр худалдаж авсных төлөө шоронд суулгасан. Таван толгойн өшөө авалт энүүгээр дуусаагүй ээ. Тавантолгойд нэр холбогдсон бүхнийг занаж, ар араас нь шоронд илгээсэн. М.Энхсайханыг өөрийг нь суулгаад зогсоогүй дотны найз М.Сономпилийг нь ч шоронд суулгасан.
 
Эргэлзээтэй үхэл буюу Гаваагийн Батхүү агсантай муудсан нь

Гаваагийн Батхүү агсныг хүнсний үйлдвэрийг би барих хэрэгтэй байна. АПУ-гаа надад өг гэж дарамталсан, мөн хувь оролцоо нэхсэн гэдэг. Өдий зэрэгтэй босгож ирсэн компаниа хэн зүгээр өгөөд туучихыг бодохов дээ. Ингээд “Тангарагийн буг” гэсэн цуврал нийтлэл, баримтат кино явуулж эхэлсэн. Үүнийгээ энд тэндхийн хэвлэлд гаргаад зогсоогүй, өөрийн гар хөл Л.Мөнхбаясгалан нарын хүмүүсээр нэвтрүүлэг хүртэл хийж цацлаа. Г.Батхүү агсан  дүнжгэр, ноён  нуруутай эр хүн байсан. Бас хэр баргийн хүнтэй түжин хагараад байдаггүй тэрээр Төрийн ордонд хачирхалтай тохиолдлоор амь насаа алдсан нь одоо ч олныг эргэлзүүлсээр.
         
Х.Тэмүүжинг “сайн ах”, Лу.Гантөмөрийг мүүнчин болгов

За тэгээд Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нарыг яалаа даа. Тухайн үед АН-ын нэртэй лидерүүдийг харлуулах, замаасаа зайлуулахад тэд өртсөн. Үг  авахгүй байснаараа  Х.Тэмүүжин   “сайн ах” нэр хоч зүүж, Лу.Гантөмөрийг мүүнчин болгосон.     Ерөнхийлөгчийн зүгээс хийдэг энэ дайралт, зохион байгуулалттай үйл явдлууд  тасрахгүй нь бололтой.  Х.Баттулга  өмнө нь ч арвин их асуудалтай нэгэн. 17 чингэлэг спиртийн хэрэг, банкнуудын дампуурал, өмч хувьчлалын хуудуутай үйлдлүүд гээд олон хэргээс мултарсан. Тэр бүх зүйлийг нь мэддэг буюу дааж авч гарсан хүмүүсээ улс төр, бизнес, тэр байтугай нийгэмд байр сууриа олох нөхцлийг нь ч хаадаг. Өшөө авалт үргэлжилсээр л байна.
                             
Дубайн гэрээ ба Эрдэнэтийн 49 хувьд оролцуулаагүйн өшөө авалтын бай болсон улстөрчид

Дээрх асуудлаар шоронд явуулсан улстөрчид бол ирээдүй нь гялалзаж байсан, магадгүй дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай, боловсролтой, чадалтай, лидерүүд. С.Баярцогтыг өөрийнх нь заналт дайсан MCS-тэй дотно харилцаатай үеэс нь эхэлж, дараа нь оффшортой гэж өөд уруугүй нүдсээр, сүүлдээ  шоронд суулгалаа.  Ч.Сайханбилэгт ч мөн адил. Мөн л Х.Баттулгын үгээр явдаггүй, Ц.Элбэгдоржийг илүүд үзэж дагаад  С.Баярцогттой нөхөрлөснөөрөө заналт дайсан нь болсон. Одоо Ч.Сайханбилэгийг Монголд ирмэгц нь барьж хорьчих санаатай.  Сахал хэмээх Д.Эрдэнэбилэгтэй Худалдаа хөгжлийн хувьцаанаас болж муудалцсан.

Дараа нь баривчилж нэг айлгаад  М.Энхсайхантай олон жил хэвлэлээр хэрэлдсэн. М.Энхсайханы найз М.Сономпил болон М.Энхсайхан шоронд суусан. Д.Дорлигжавыг Б.Хурцаар тагнуулсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулж өс зангидан муудалцаж байгаад дараа нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход Н.Алтанхуяг шоронд явахгүйн тулд айсандаа гүйж очиж  зөвлөх нь болсон.   Ц.Элбэгдоржийг  Ерөнхийлөгч байхдаа өөрийнх нь бизнесийн ашиг сонирхлыг хангаагүйд дургүйцэж, барьж хорино гэж баахан сүрдүүлсэн ч  маш олон сайн муу үйлдлийнх нь гэрч болох  бичиг баримт Ц.Элбэгдоржид байдаг  учраас хараахан барьж авч хийчихээгүй байна.
 
С.Эрдэнэд хэрэг үүсгэж, тохиролцохыг шаардаж,  туслахаараа   хэргийг хаасан прокурорын бичиг хүргүүлэв
  

С.Эрдэнийг нэг хэсэг оролдов. Намаа авах гэж шахсан ч үг   авдаггүй зөрүүд С.Эрдэнэ түүнийг тоосонгүй. Ингээд занаанд нь орлоо.  Үр хүүхдийг нь ч шалгаад зүгээр суулгахаа больсон. Үүний дараа  удаа дараа уулзах санал хэлж, тохиролцохыг Ерөнхийлөгч хэлж байжээ. Мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн хонгилын прокурор гэгдэх Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон бичгийг өөрийн туслах Түвшинжаргалаараа хүргүүлсэн байдаг.
 
Х.Баттулгад Тавантолгойг өгөхгүйгээр ард түмэндээ өгснөөрөө Сү.Батболд араа шүдэнд нь зуугдав

2008 онд Сү.Батболд Тавантолгойг ард түмэндээ өгсөн. Тавантолгойд санаархсан санаархалд нь үгүй гэсний хариуд Сү.Батболд руу шүд зууж үлдсэн.  Тэр өш хорсол яван явсаар томорч, сүүлдээ өнөөдрийн их дайралт, гүтгэлэг, доромжлолоо Сү.Батболд руу зогсоо зайгүй сумлав. Бизнес хийдэг хүмүүс хамтраад хулхидуулаад бизнесийнхэн андахаа байсан. Мэдэхгүй нь хулхидуулаад тэрийг нь мэддэг гадарладаг улс нь хамтарч юм хийдэггүй. 

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших канидитын нэгээр нэрлэгдсэн цагаас хойш Сү.Батболд руу дайрах дайралт, гүтгэлэг эрчимжсэн гэж хэлж болно.  Сүүлдээ төрийн эргэлт хийх нь гэж хүртэл чуулганы индэр дээрээс түүнийг гүтгэсэн.
 
 У.Хүрэлсүхийг зууж, сүүлдээ МАН-ыг татан буулгах хүсэлтээ  Дээд шүүх рүү илгээв

ҮАБЗ-ийн гишүүний хувьд ойлголцоод ажиллаж ирлээ. Гэвч нэг л мэдэхэд Монголын төрийн эрхийг баригч нь МАН биш Ерөнхийлөгч Х.Баттулга болчихсон аятай аашлах болов. Засгийн газар  хариуцлагаа хүлээж огцроход ихэд хилэгнэв. Өөрийнх нь төлөвлөж, төсөөлснөөр байсангүй гэж У.Хүрэлсүхийг занав. Х.Баттулгыгаа түгжилдсэн ЕТГ-ын дарга З.Энхболдын оруулсан Үндсэн хуулийн заалтыг “ХҮН” намынхан Цэцэд өгч, Цэц хуулийн хүрээнд шийдвэр гаргав. Эцэст нь МАН-ыг нь татан буулгахаар Дээд шүүх рүү хүсэлт өгч байгаагаа Ерөнхийлөгч мэдэгдэв. Ерөнхийлөгчийн албан тушаалыг ашиглаж олон нийтийг бослого жагсаалд турхирч, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдав.   
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа