Ц.Мөнх-Оргил: Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд дэмжүүлэх АНУ-ын лобби компанийг АН хөлсөлж авчээ
УИХ-ын гишүүн Ц.Туваан АНУ-ын Вашингтон хотод байрлах DCI гэх лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэх мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр хийлээ. Гишүүдийн мэдээлж буйгаар энэ талаарх мэдээлэл Foreign lobby report гэх сайтад гарчээ. Тус сайт нь гадны улсуудад байгаа хууль бус лобби бүлгүүдийг ил болгодог юм байна.
Ардчилсан нам зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг сурталчлах зорилгоор DCI лобби компаниас үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан. 50 мянган ам.долларын үнэ бүхий гэрээ 4-р сараас 12-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр сар үргэлжилнэ. DCI компанийн гүйцэтгэх захирал Дуглас Гудиер болон Ардчилсан намын дэд дарга Ц.Туваан нар гэрээнд гарын үсэг зурсан гэж тус сайтад бичжээ.
Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. Гишүүн АНУ-ын лобби бүлэгтэй 50 ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадын байгууллага, гадаадын иргэн хуулийн этгээдээс хөрөнгө мөнгө, хандива авахыг хориглосон байдаг. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Энэ ямар учиртай юм бэ. Та нар маань сонгуульд оролцох замаа эрх биш өөрсдөө мэддэг юм байгаа биз дээ. Ийм илт хууль зөрчсөн юм хийж болж байгаа юм уу. АН-ынхны энэхүү үйлдэл нь хоёр ч хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм байна. Тухайбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-т “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгуулага болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцахаа авахыг хориглогно” гэсэн заалттай. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 16.7.1-т олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээдээс улс төрийн нам санхүүжилт авахыг хориглоно” хэмээн заасан байдаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл