Р.Амаржаргал: МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийг гайхсан
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээ илэрхийлсэн. Энэ үеэр тэрбээр одоогийн Төрийн тэргүүний явуулж буй улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал, тэрбээр “Ерөнхийлөгчийн захирамжийг үнэхээр гайхсан. Яг асуудлыг шийдье гэж чармайсан бол цагаа олоогүй үйлдэл. Өөрийнх нь нэр дэвших тухай асуудал яригдаж байхад Ардын намыг татан буулгая гэсэн асуудал гаргаад ирэхээр хүмүүс хүлээж авахгүй шүү дээ. Шантаажлаад байгаа ч юм шиг, янз бүрээр ойлгогдоод байна л даа. Энэ алхам бол эрх зүйн талаас ч асуудалтай. Дэмжлэг авах нь юу л бол.
Захирамжийг зарлахдаа Монгол цэргийн холбооны талаар дурдаж байна лээ. Энэ холбооны тухайд анх үүсгэн байгуулах үеийн баярын хуралд нь би өөрөө очиж сууж байсан, би өөрөө бэлтгэл ахмад хүн.
Тэр арга хэмжээнд тэтгэвэртээ гарч, чөлөөндөө суусан хүмүүс оролцож, Цэргийн холбоо байгуулъя гэсэн санал гаргасан юм. Энэ бол ганц манайд байгуулчихсан холбоо ч биш. Жишээлбэл, хойд хөршид цэргийн холбоо байдаг бол АНУ-д дайнд оролцож байснаараа ялгараад муж бүрт Цэргийн холбоо байгуулсан байдаг. Энэ байгууллагууд ч, манай цэргийн холбоо ч чөлөөндөө гарсан улсуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилготой. Ажилласан жилээсээ болоод цэргийнхэн харьцангуй эрт тэтгэвэрт гардаг. Тиймээс энэ хүмүүсийг давтан сургах, шинэ мэргэжил эзэмшүүлэх буюу технологийн ололтуудыг эзэмшүүлэх чиглэлээр тусалж, дэмжье гэдэг зорилготой л гэж би хувьдаа ойлгосон. Нөхрөө дагаж, цэргийн анги дамжин амьдарч явсаар бэлэвсэрч үлдсэн эмэгтэйчүүд ч олон байдаг. Тэр хүмүүст хэрхэн, яаж тусалж дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж хүртэл дүрмэндээ тусгасан холбоо. Манайд сүүлийн үед мартагдаад байгаа цэрэг, эх оронч хүмүүжил гэж нэг чухал ойлголт бий.
Товчхондоо, энэ холбоо бол зорилго нь цэвэр, нийгмийн үйл ажиллагааг чухалчилсан ТББ.
Хамгийн сонирхолтой нь, энэ холбооны баярын хурал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн байдаг. “Маш зөв зүйтэй ажил хийж байна, сайхан зүйл санаачиллаа” гэж их ёслол төгөлдөр мэндчилгээ ирүүлж байлаа шүү дээ. Түүнээс хойш би энэ холбооны үйл ажилллаганд оролцоогүй учраас сайн мэдэхгүй байна" гэв.
Сэтгэгдэл