Хуульч, өмгөөлөгч Б.Мөнхзаяа өнөөдөр /2020.04.23/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг нийтийн эрх ашгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн түүнийг шалгаж өгөх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.

Тэрбээр дээрх үндэслэлээ тайлбарлахдаа “Энэ гомдлыг гаргах болсон шалтгаан нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын тараах тухай захирамж, илгээлт гэсэн зүйл гаргасантай холбоотой. Тэр ерөөсөө л улс төрийн намыг тараахыг хүсэж байгаа. Тэгвэл энэ үйлдэл өөрөө зөв юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Иргэдийн хувьд энэ үйлдлийг харангуутаа зөв гэж асуудалд хандаж байна.

Гэтэл яг үнэндээ Ерөнхийлөгчийн бүрэн эрх юугаар тодорхойлогддог вэ гэвэл Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар зохицуулагддаг. Эдгээр хуульд зааснаар Ерөнхийлөгч улс төрийн намыг тараах захирамж, илгээлт аль алиныг нь гаргах эрх байхгүй. Тэгэхээр улс төрийн намыг хэн тараах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар бол улс төрийн намыг хоёр үндэслэлээр тараадаг. Нэгдүгээрт, тухайн улс төрийн намын эрх барих дээд байгууллага нь тарах тухай өөрсдөө шийдвэр гаргах. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэж улс төрийн нам, хүчин оролцсон тохиолдолд дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргадаг.

Эндээс тэгвэл дээд шүүхэд хэн хандах эрхтэй вэ гэх асуулт гарч ирнэ. Энэ тохиолдолд шүүхэд хандах эрхтэй субъект нь Ерөнхийлөгч биш. Монгол Улсын Ерөнхийлөгч улсын эв нэгдлийг илэрхийлдэг. Хэдийгээр улс төрийн намаас нэр дэвшиж, ард түмний саналаар сонгогддог боловч улс төрийн намын гишүүнчлэлээ түдгэлзүүлдэг. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч учраас энэ хүнд нам тараах тухай захирамж, илгээлт аль алиныг нь гаргах эрх байхгүй” гэлээ.
 

Түүнчлэн тэрбээр "Улс төрийн зорилго бүхий хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь нийтийн эрх ашгийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг байж болзошгүй" учраас ийн хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан тухайгаа хэллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа