Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ЮНЕСКО-оос гаргасан уриалгын дор МСНЭ Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хараат бус сэтгүүл зүйн форум”-ыг зохион байгуулан тэмдэглэдэг уламжлалтай. Гэвч цар тахлын амаргүй нөхцөл байдлын улмаас энэ удаагийн Форумыг цахимаар зохион байгуулахаар боллоо.

Түүнчлэн энэ хүнд цаг үед хэвлэл мэдээллийн салбар туйлын хүнд байдалд орсон ч үүргээ биелүүлж, Цар тахлын тухай хуулийн дагуу мэдээллийг үнэ төлбөргүйгээр бэлтгэн дамжуулж, олон нийтийг мэдээллээр хангасаар байгаа юм.

Тиймээс онц хүнд цаг үед тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хамтын ажиллагааны хүрээнд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хараат бус сэтгүүл зүйг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Д.Сумьяабазарын санаачлагаар “Сэтгүүлчдийн номын өдөрлөг” цахим яармагийг 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Цахим өдөрлөг нь сэтгүүлчдийн ном, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөгөө талаас иргэдийн соён гэгээрэх хэрэглээг дэмжихэд чиглэгдэх юм. Сэтгүүлчид маань өөрсдийн бүтээлээ эмхэтгэн ном болгон хэвлүүлэхийн зэрэгцээ яруу найраг, өгүүллэгийн түүвэр, өөрийн дурсамж, Монголын алдартан, түүхэн хүмүүсийн намтар, хөрөг, нутаг усны ой, салбар, байгууллагын түүх, ойн ном бүтээл, түүнчлэн эрдэм шинжилгээ судалгаа, шүүмжийн бүтээлүүдийг хэвлэн гаргаж, оюуны уурхайд тасралтгүй эрэл хайгуул, олборлолт хийж байдаг авьяаслаг, хөдөлмөрч хүмүүс билээ.

Цар тахал оюун ухаан, авьяас билэг, үзэл санааг хорьж дийлэхгүй гэдгийг харуулж, сүүлийн хоёр жилд сэтгүүлчид маань урьд урьдынхаас илүү ихээр бичин туурвиж, номын хураар арвин байлаа. Цахим яармаг, худалдааг хоёр өдрийн турш “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” хуудсаар болон Zoom талбараар шууд оролцох, танилцах, борлуулах байдлаар зохион байгуулж, бүтээл номоо хүргэлтийн компаниар дамжуулан арилжих боломжийг нээж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Өдөрлөгт оролцох сэтгүүлч, уран бүтээлчид МСНЭ-д урьдчилан бүртгүүлнэ.

Бүртгэл хийлгэхдээ зохиогч болон бүтээл, номын товч танилцуулга, зураг /зохиогчийн өөрийн болон номын/, холбоо барих утасны дугаар, фэйсбүүк хаяг, и-мэйл хаягийг МСНЭ-ийн mseonline@yahoo.com хаягаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны дотор ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 94111727, 99097968 дугаараас лавлана уу.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа