Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нар цахим уулзалт хийв
Коронавируст халдварын хариу арга хэмжээний үеийн нэгдсэн зохицуулалтын баг байгуулах саналын дагуу "Ковид -19"ийн нөхцөл байдлыг хянаж ажиглан, улмаар зөв шийдвэрийг аль ч түвшинд (өрхийн, бизнес эрхлэгчид, Засгийн газар болон олон улсын байгууллагуудын түвшинд) гаргахад зориулан НҮБ "КОВИД-19 үеийн Монгол Улсын нөхцөл байдал" гэсэн вэбсайт боловсруулсан байна.
Энэ сайт нь /http://covidmongolia.mn/ Монгол Улс дах цар тахлын нөхцөл байдлыг цаг алдалгүй хянах боломж бүрдүүлэх бөгөөд ард иргэд болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөллийг хянах зорилготой юм.
Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг цахим судалгаагаар авч харуулахаас гадна албан ёсны статистик мэдээлэл, бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн тойм, Засгийн газрын гол шийдвэр, төр, хувийн хэвшлийн тусламж, хандивын мэдээлэл зэргийг нэг дор харах боломж олгож байна.
Энэ нь Монгол Улс дахь Ковид-19-ийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л мэдээллийг оруулж, нэг цонхны үйлчилгээний хэлбэрээр ажиллахыг зорьсон бөгөөд НҮБ-ын агентлагуудаас хэрэгжүүлсэн судалгаа, тэдгээрийн холбоос, НҮБ-ын нийгэм, эдийн засгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөн дэх судалгаанууд багтжээ.
Мөн Үндэсний статистикийн хороо, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, олон улсын санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм болон бусад байгууллагын цар тахалтай холбоотой тайлангуудыг оруулсан байна.
НҮБ нь Улсын онцгой комиссын Эрсдлийн мэдээлэл, харилцаа холбооны багийн ажлыг дэмжиж, нийгмийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор харилцаа холбооны сувгуудаар дамжуулан хүргэх мэдээлэл, контент үүсгэх техник, технологийн дэмжлэг үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл