- Сэтгүүлч
- 2021/04/30
- 446
УОК: Орон нутгийн иргэдийн дархлаажуулалтыг эрчимжүүлнэ
Улсын Онцгой комиссын ээлжит хурал цахимаар боллоо. Хурлаар коронавирусын халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсож, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар тус тус хэлэлцэж, гишүүд санал солилцов.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болов. БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжилж байна.
Нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж байна. Хилийн боомт орчмын орон нутаг дахь иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгана гэлээ.
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа авч 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэлээ.
Харин 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжлээ.
Сэтгэгдэл