Эрдэнэт үйлдвэр айл өрх, албан байгууллагуудын ус, цахилгааны төлбөрт 404 тэрбум төгрөг төвлөрүүллээ
Цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ус дулаан, цахилгааны төлбөрийг энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл тэглэх тухай түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сард гаргасан юм. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, үүнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр болох 650 тэрбум төгрөгийг хариуцах үүрэг даалгаврыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өгсөн билээ. Тэгвэл тус үйлдвэрийн хамт олон өнөөдрийн байдлаар нийт санхүүжилтийн 62 хувь буюу 404 тэрбум төгрөгийг төлсөн байна. Сангийн яамтай хамтран гаргасан хуваарийн дагуу энэ долоо хоногийн сүүлээр дахин 60 тэрбум нэмж төгрөг төвлөрүүлснээр нийт 71 хувь нь бүрдэх юм.
Эрдэнэт үйлдвэр оны эхний дөрвөн сард үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Энэ нь уурхайчид цар тахлын амаргүй үед өндөр хариуцлага, хичээл зүтгэлтэй байж, ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг удирдлагууд тэмдэглэж байна. Тус үйлдвэрийнхэн иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан усны төлбөрийг хариуцахын зэрэгцээ улс орон нутгийн төсөвт бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж байна. Он гарсаар улс орон нутгийн төсөвт 220 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Фото Б.Баттөгс
Сэтгэгдэл