Сьерра Леон дахь дүрвэгсдийн хуаранд байсан өсвөр насны охин зайлшгүй шаардлагатай, амьд үлдэхэд нь хэрэгцээтэй хоол хүнс, саван, эм тарианыхаа талаар хуарангийн захирагчид ханджээ. Тэрбээр охинд “чиний нэр жагсаалтад ороогүй байна” гэж худлаа хэлсэн бөгөөд мөнгө нэхэхийн оронд авлигын сонгодог үйлдэл болох бэлгийн харилцаанд орохыг шаардсан байна. Охинд үүнийг биелүүлэхээс өөр арга байсангүй.  

Авлигажсан бэлгийн хүчирхийлэл (Олон улсын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо “sextortion” буюу бэлгийн сүрдүүлэг гэж нэрлэдэг) нь таамаг төдий зүйл биш бөгөөд бас ховор ч биш юм. Жишээлбэл, Human Rights Watch байгууллагын өнгөрсөн 9-р сарын тайланд дурдсанаар Сомалид Бурунди, Уганда цэргүүд “байнгын, зохион байгуулалттай” бэлгийн мөлжлөг хийдэг болохыг тогтоожээ. Сьерра Леон дахь нэгэн дүрвэгч “Хэрвээ ТББ-ын ажилчдад санал болгох эхнэр, эгч, охин байхгүй бол тусламж авах боломжгүй” гэсэн бол өөр нэг дүрвэгч “Энд хэн ч бэлгийн харьцаанд орохгүйгээр CSM [шар буурцгийн тэжээллэг бодис] авах боломжгүй” гэж хэлж байна. Транспэрэнси Интернэшнлээс мэдээлсэнчлэн“Эмэгтэйчүүд хээл хахуульд өгөх мөнгө байхгүй учраас тэднээс төлбөр нэхдэггүй гэсэн ойлголт байж болох юм ... гэтэл төлбөр нь мөнгө өгөхийн оронд бэлгийн харилцаанд орох хэлбэртэй байж болзошгүй” юм. Авлигажсан бэлгийн мөлжлөг нь маш их хүчирхийлэлтэй, хүний нэр төр, эрхэд байнга халдаж байдгаас гадна өвчин тусах, жирэмслэх, нийгмээс гадуурхагдах, хохирогч буруутгагдах, гэрлэх боломж алдагдах гэх мэтээр хохирогчдод мөнгөн авлигаас асар илүү сөрөг нөлөө үзүүлдэг.

Гэсэн хэдий ч авлигын эсрэг тэмцэгчид авлигажсан бэлгийн мөлжлөгийн талаар үе үехэн дуугарч, ихэнх томоохон авлигатай тэмцэх байгууллагууд энэ сэдвийг үл тоомсорлож, мөнгөний авлигад илүү анхаарал хандуулдаг. Энэ бол алдаа юм. Авлигатай тэмцэх нийгэмлэгүүд бэлгийн сүрдүүлэг болон авлигын шинжтэй бэлгийн хүчирхийллийн бусад хэлбэрийг авлигын онцгой, гамшигт төрөл гэж хүлээн зөвшөөрч, онцгой анхаарал хандуулан, зохих ёсоор тохирсон хариу арга хэмжээг авах ёстой.

Авлигатай тэмцэх томоохон бүлэглэлүүд асуудлыг үл тоомсорлодог гэсэн гомдол эхэндээ шударга бус санагдаж магадгүй. Учир нь уг асуудлыг бүхэлд нь орхигдуулчихаагүй нь үнэн юм. Жишээлбэл, Транспэрэнси Интернэшнл байгууллагаас “бэлгийн сүрдүүлэг нь жендэрт суурилсан авлигын хүчтэй жишээ мөн” гэдэгтэй санал нэг байгаа бөгөөд “эмэгтэйчүүдийг авлига хамгийн ихээр хохироож байна” гэжээ. Гэвч энэхүү ховорхон мэдэгдэл нь янз бүрийн салбар дахь авлигын талаарх ерөнхий хэлэлцүүлэгт ихэвчлэн тусгагдахгүй байна. Жишээлбэл, Транспэрэнси Интернэшнл “бэлгийн харилцааны хариуд багш нар сайн дүн санал болгодог” бөгөөд Ботсван дахь эмэгтэй оюутнуудын 10% нь ийм тохиолдолд бэлгийн харилцаанд ордог гэсэн дүгнэлт гаргасан боловч тэдний боловсролын үндсэн цахим хуудсанд зөвхөн “дүн худалдаж авах боломжтой” гэж л дурдсан байна. Транспэрэнси Интернэшнлийн ашигласан хэллэг нь учруулсан дарамтыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулдаг байна. “Сайн үнэлгээг багш нар санал болгодог” гэдэг нь багш нар оюутнуудад өгч байгаа бэлэг, эсвэл, оюутнууд сайн дураараа биеэ үнэлж байгаа мэт сонсогдож байна. Гэтэл илүү оновчтой нь “багш нар дүнгийн оронд оюутнуудаас бэлгийн харилцаа шаарддаг” гэсэн хэллэг юм.

 Авлигын эсрэг бүлгүүд quid pro quo буюу давуу байдлаар солих бэлгийн бүрдүүлгийн талаар хааяахан дурдахаас гадна бэлгийн болон хүчирхийллийн замаар эмэгтэйчүүдэд хохирол учруулдаг авлигын өөр хэд хэдэн хэлбэрт анхаарал хандуулахгүй байна. Уламжлалт мөнгөний авлигын үүднээс цагдаагийн алба хаагч дэлгүүрт ороод эзэнд нь “Хэрэв та бизнес эрхлэх зөвшөөрлөө хадгалахыг хүсвэл надад 100 доллар төл” гэж хэлбэл энэ бол авлига мөн. Бас нөгөө офицер зүгээр л дэлгүүрт ороод касснаас 100 долларыг quid pro quo -гүй авбал угтаа энэ нь цаад утгаараа quid pro quo нь “надад үүнийг өг, би чамд төвөг удахгүй” гэсэнтэй адил тул мөн л авлига. Үүнтэй адил, цагдаа, цэрэг, төрийн захиргааны байгууллагын хэн нэгэн албан тушаалтан хохирогчийн хүртэх эрхтэй бараа, үйлчилгээний хариуд бэлгийн харилцаа шаардах, мөн довтлогч этгээд нь эрх мэдэлгүй байсан бол яах байсан бэ гэдгээс илүүтэйгээр энэ тухай эсэргүүцэх, мэдээлэхээс айж эмээж буй эмэгтэйг төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан хүчиндэх нь авлигажсан бэлгийн хүчирхийлэл юм. Бэлгийн мөлжлөгт өртөх үед “ТББ-ын ажилчид маш их эрх мэдэлтэй тул хүмүүс тэднийг эсэргүүцэж чаддаггүй” хэмээн Гвиней дэх дүрвэгсдийн удирдагч ярьж байна. Үүнтэй адил, гэр бүлийн зарим төрлийн хүчирхийлэл, ялангуяа, хууль сахиулагчид эсвэл бусад эрх мэдэл бүхий албан тушаалтны хүчирхийллийг, наад зах нь, тэдний хохирогчид хүчирхийллийн талаар мэдээлэх, хэрвээ мэдээлсэн тохиолдолд түүнд итгэх эсэх, эсвэл, зугтахад маш хэцүү гэдгийг эдгээр албан тушаалтнууд тооцоолж байгаа тохиолдолд үүнийг авлига гэж тооцох ёстой.

Авлигатай тэмцэх нийгэмлэг эмэгтэйчүүд авлигад өртөх олон төрлийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, эрэмбэлж чадаагүй байгаа нь биднийг бэлгийн сүрдүүлэг, хүчин, бэлгийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэхэд саад болж байна. Мөнгөний авлигатай тэмцэх ихэнх аргууд (мөнгөний урсгалыг мөшгих гэх мэт) нь бэлгийн сүрдүүлэгтэй тэмцэх шууд үр дагаваргүй байдаг. Үүний зэрэгцээ, энэ асуудлыг авлигын (системийн) хэлбэр (зөвхөн хүчирхийлэл, дарамтын бие даасан гэмт хэрэг гэж биш) гэж үзэх нь бидэнд асуудлыг шийдвэрлэх шинэ арга хэрэгслийг бий болгоход туслах болно. Жишээлбэл, ярилцлага хийх, эсвэл, нэрээ нууцлан мэдээлэхийг хүмүүсээс хүсэх замаар бэлгийн авлигад автсан албан тушаал, байгууллагын “зураглал” гаргаж болно. Хувь хүмүүсийг яллах хангалттай баримт нотолгоо байхгүй байсан ч бид хаана мөнгө төвлөрүүлэхээс зайлсхийх талаар сангууд болон засгийн газруудад дохио өгч, зорилтот бүлгүүдэд бэлгийн сүрдүүлгийн  гэмт хэргийг таслан зогсоох хөшүүрэг өгч болох юм. Мэдээжийн хэрэг, авлига багатай байгууллагыг тогтоож өгөх гэх мэтээр үйлчилгээ шаардлагатай эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлөхгүй арга замыг олох хэрэгтэй. Авлигын асуудал болох бэлгийн сүрдүүлэгтэй тэмцэх бүтээлч арга замыг хайж олох нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, сайн сайхан байдалд тодорхой нөлөө үзүүлнэ.

Эх сурвалж: globalanticorruptionblog.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа