Тэр муу бор ЭСГИЙ
Эсгийнд л учир байна. Үйлтэй тэр муу эсгийг талбай руу оруулах гээд АН-ынхан бүтэн хоёр өдөр "алалцлаа". Үзээд сууж байгаа би хүртэл "эсгийг нь оруулчихаач дээ, ямар гэр аваад орох гэж байгаа биш" гээд хэлчихмээр л санагдлаа. Ардчилал, хүний эрх, хууль, шударга ёс, сонгох сонгогдох эрх гэж цээжээ дэлдэж, өнгөрсөн 30 жилийг үдсэн. Харамсалтай нь бид талбай руу эсгий авч орох эсэхээ эцэслэж шийдэлгүй өдрий хүрч. Үүний гороор нэг муу бор эсгийг аваад зугтах юм, буцаагаад аваад л ирэх юм. Дахиад аваад л зугтах юм, нөгөөдүүл нь хаанаас ч юм дахиад гаргаад ирэх юм. Тэр эсгий хэрвээ амьтай байсан бол та нараас залхаад зугтахаар боллоо.
Цагдаа нар эсгийг талбай руу оруулахгүй авч зугтаагаад байгаа бол цаана нь ямар нэг шалтгаан бий гэсэн үг. Магадгүй тэр эсгийгээрээ гишүүд өөрсдийгөө "боочихвол" ард түмэн яах уу. Нөмөрч хэвтээд даарахгүй байвал өлсгөлөнгийн утга учир юу болох уу. Эсгийн дороо нуугдаад юм идээд эхэлбэл хэн хариуцлага хүлээх юм. Аягүй бол өрөвдөөд эсгийг нь оруултал цаадуул чинь дотор нь "ганц юм" нуугаад оруулаад ирж чадах л улс. Н.Алтанхуяг, Д.Ганбатаас эхлээд өлсөгчид дунд "сийрэг" нөхөд зөндөө хэвтэж байгаа. Сийрэг нөхдүүд гэснээс "Босоо" Ганбаа гишүүн маань одоогийн байдлаар энэ оны хамгийн азгүй хүний жагсаалтыг албан ёсоор тасархай тэргүүлж байна. Оны дараа талбай дээр өлсгөлөн зарлаад түр бүлээцэх санаатай зуух аваад ирсэн чинь цагдаа нар аваад зугтаачихсан. Сая гай нь таараад АН-д элссэн чинь нөгөөдүүл нь шууд өлсөөд эхэллээ. Ядаж байхад яг өлсдөг өдөр нь тэнгэр орж, хүйтэрч байхыг яана. Бүр нэг заяа нь хаясан аятай. Даарсандаа эсгий авчруулсан чинь түүнийг нь бас л цагдаа нар булаагаад зугтчихлаа.
Тэгвэл талбай дээр гэгээн цагаан өдөр эсгийгээ бусдад булаалгасан Ц.Туваан гишүүн нөгөөхөө хайж ордон руу хүртэл ороод амжив. Түүнийхээр эсгийг нь цагдаа нар булаагаад У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарт өгчихсөн байх магадлалтай. Ер нь тэр муу бор эсгийг дээгүүрээ хуваагаад "идчих" ч юм билүү хэн мэдлээ. Орж асуусан Ц.Тувааны зөв.
Гэхдээ АН-ынхан гэж үнэн хийморьгүй "гарууд" юм аа. Эсгий чирч ирэхийн оронд Ардын нам шиг гэр чирээд ирээд ирж чадахгүй. Ганц муу бор эсгийг манай цагдаа нар өдрийн хэдэн ч удаа булааж чадах чадвартай хүмүүс. Харин бүхэл бүтэн гэр аваад ирвэл нэг цагдаа үсрээд арван унь л тэвэрч гүйнэ биз дээ. Үлдсэн хана, хаалга, баганыг нь хэн авч зугтах вэ гээд бөөн асуудал үүснэ. Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын гэр барьж байгаад суулт хийсэн нь цаанаа ийм учиртай байсан юм билээ. Гэтэл Н.Алтанхуяг нь мангартаад "Би УИХ-гишүүн байна" гэж томорч байгаад өнөөдөр сонгууль ч байхгүй, эсгий ч байхгүй талбай дээр хэвтэж байна. Ядаж "М.Энхболд зайл" гээд орилохгүй. Тэгсэн бол эрх баригчид эсгийг нь оруулах ч юм билүү хэн мэдлээ.
Үүнд нь хорссон нэг дэмжигч нь "Бүхэл бүтэн УИХ-ын гишүүдийг хүйтэн цементэн шалан дээр суулгачихсан байна шүү дээ" гэж уурлаад амжсан. Нэг гишүүн бөгсөөрөө шалан дээр суух нь байтугай нэг улс бөгсөөрөө газар "суучихаад" байхад тоохгүй байгаа хүмүүс шүү дээ.
Г.Лхагваа
Сэтгэгдэл