Ж.Жавхланбат: Байгаль орчныг нөхөн сэргээх төслүүд үр дүнтэй хэрэгжиж байна
-Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн албаны дарга Ж.Жавхланбатаас зарим зүйлийг тодрууллаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зарласнаас хойш хэдэн жил өнгөрлөө. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Хаврын мод тарилтын ажил хэдийд явагдах вэ?
- Өнгөрсөн долоо хоногт хаврын мод тарилтын бэлтгэл ажил хийгдсэн. Одоо модоо тарьж эхэлнэ. Нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор энэ хаврын мод тарилтын ажилд үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчдыг оролцуулахгүйгээр шийдсэн. Өөрөөр хэлбэл, олон нийтийг нэг дор цуглуулахгүй байх цар тахлын дэглэмийг барьж ажиллана. Зөвхөн манай хэлтсийн ажилтнууд хаврын мод тарилтын ажлыг зохион байгуулаад явж байна. Орхон аймгийн Байгаль орчны газар, Эрдэнэт үйлдвэрт мод тарих газар хуваарилж өгсөн. Үүний дагуу бид дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Баян-Өндөр хайрханы Хүрэн булгийн амыг моджуулж нөхөн сэргээх ажил хийж байна. Сүүлийн хоёр жилд тайрагдсан модны хожуулыг цэвэрлэж, энэ талбай дээрээ мод тарьж байна.
-Эрдэнэт үйлдвэр Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?
-Нэгдүгээрт, Ил уурхайн гуравдугаар овоолго дээр 38.2 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Энэ төслийн хүрээнд нийт 56 мянган мод тариад байна. Хоёрдугаарт, 2013 оноос “Ногоон төгөл” төслийг үйлдвэрийн дүүрэгт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор манай хэлтсээс санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд нийт 30 га талбайд 15 мянган мод тарьж ургуулсан. Мөн усалгааны иж бүрэн систем суурилуулан ажиллаж байгаа. Тарьсан мод 100 хувийн ургалттай байгаа бөгөөд арчилгаа тордлогоо тогтмол хийж байна. Гуравдугаарт, “Ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлэх” төсөл хэрэгжиж байна. 2011 оноос манай хэлтэс,Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбортой хамтраад Монгол улсын хэмжээнд нэн ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлж, тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Анх халиун бугын илий авчирч үржүүлсэн. Одоогийн байдлаар 140 тоо толгой болон өссөн байна. Мөн тарвага нутагшуулж байна. Нийтдээ 250 гаруй тарвага тоологдсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Ногоон хөгжлийн төв” барих төсөл Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборт хэрэгжиж байна. Одоогоор барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл 75 хувьтай явж байна.
-Баярлалаа.
Сэтгэгдэл