Хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байгаа нь зөв. Ямар хүн Ерөнхийлөгч байх ёстой, ямар хүн байх ёсгүйг хамгийн сайн ойлгуулж чадах хүн Х.Баттулга. Хэн Ерөнхийлөгч байж болохгүй вэ гэдгийг сайн ойлгоё гэвэл Х.Баттулгаа дахиад нэг сонгочих” гэж хэлж байв. Олзуурхууштай нь “Монгол ялна” гэж хөөрцөглөдөг байсан олон нийт одоо Х.Баттулгын хэн болохыг гадарлах дээрээ болжээ. Бүрэн дунд боловсролтой, мафитай кинонд дуртай, тамирчин хүн Төрийн тэргүүн байж болохгүй юм байна гэдгийг.

Үндсэндээ Х.Баттулгын бүрэн эрхийн дөрвөн жил дуусахад сар хүрэхгүй хоног үлдсэн байна. Гэвч тэр Төрийн ордны гурван давхраас яван явтлаа, явсан хойноо ч АН-ыг самрах, МАН-ыг тараах, цаашлаад Монголыг улс төрийн хямрал руу түлхэх улс төрөө хийсээр байх нь.

Х.Баттулгын “халаасны” холбоо, бүр муухайгаар хэлбэл улс төрийнх нь нохойд барьдаг мод болсон МоАХ-ноос бүх намыг тараах шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байгаагаа зарлав. Мэдээж Х.Баттулгын үгийг МоАХ-ныхон Г.Занданшатарт дамжуулж байгаа нь энэ. Шаардлагыг нь хүлээж авахгүй бол Монголын ардчилсан холбоо намуудыг тарааж, дахин бүх хэлбэрээр тэмцэхээ араас нь анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд өлсгөлөн зарлаж, Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгэж авахыг СЕХ-нд тулган шаардав. Сүүлдээ худалч хүнд өлссөнөө ч мэдэхгүй өлсчихсөн гишүүд хэний төлөө, юуны тулд улс төрийн тэмцэл хийснээ ойлгоогүй, ойлгосноо ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байсаар Сүхбаатарын талбайд долоо хоноод гэртээ харьцгаалаа.

Ерөнхийлөгчийн тоо бүртгэлд байгаагүй зарим нэг гишүүн “Н.Алтанхуяг бүгдийн дарга юм уу” гэж агсам тавьж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаас харвал өлссөн хүмүүсийн зорилго өөр өөр байсан гэлтэй.

Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах, бүр хоёр жилээр сунгах хүртэл заримыг нь өлсгөөд, заримыг нь солиоруулаад талбайн улс төр хийх гэсэн Х.Баттулгын төлөвлөгөө бас л бүтэлгүйтэж, халаасандаа үлдсэн ганц сумаа тавьсан нь өнөөдрийн МоАХ-ныхны шаардлага. Н.Алтанхуяг, Ц.Туваан, Д.Ганбат нарыг бодвол Г.Баасан Х.Баттулгын төлөө үнэнчээр өлсөж чадах байх.

Г.Занданшатарын парламентын баталсан, Х.Баттулгын өөрийн гараар ёсчилсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 191.2-т “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт оруулж өгсөн. Уг заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр Үндсэн хуульд тусгасан юм.

Үүнийг долоон жилээр наашлуулах МоАХ-ны шаардлага бол Х.Баттулгын улс төрийн нэг хэсэг. Ердөө АН, МАН хоёроос бусад улс төрийн намууд Х.Баттулгад сонин биш. Захирамжаар болон жагсаал цуглаанаар МАН-ыг тарааж чадахгүйгээ Х.Баттулга мэдэж байгаа. Харин Ардчилсан намыг авах гэсэн тохироог эрх баригчдад тавих болов уу. Товчхондоо, дөрвөн хоногийн дараа буюу 2021 оны тавдугаар сарын 17-ны Даваа гаригт аль Ардчилсан намын тамга хүчинтэй болохыг шүүх хэлэлцэнэ. Шүүхэд нөлөөлөх гэсэн Х.Баттулгын башир нүүдэл энэ.

Шүүх Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас чиглэл авчихгүй бол С.Эрдэнийн намд жинхэнэ тамгыг нь өгөх биз. Төрийн ордноос шүүх, прокурор чиглэл өгч, хэнд хэдэн жилийн ял оноодог байсныг ярьсан, баталсан хүн нь Х.Нямбаатар. Хууль зүйн сайд хүн бусдыг гүтгэвэл Эрүүгийн хуулиар ял хүлээхээ сайн мэдэхтэйгээ.

Дөрвөн жилийн тэртээх өдрүүдэд Х.Баттулга юу амалж байсныг дахин сануулъя.

  • Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна.
  • Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
  • Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
  • Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
  • Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна.
  • Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна.

Гэвч, цаазын ялыг сэргээж, ШХАБ-д улсаа тушаачих шахсан түүнд өнөөдөр баяртай гэж хэлэхийг хүсч байгаа хүн Монголд олон бий. Итгэж түшиж явсан журмын нөхдөөс нь эхлээд шүү дээ. Бас хэн Ерөнхийлөгч байж болохгүйг батлан харуулсан Х.Баттулгад баярлалаа!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа