- Сэтгүүлч
- 2021/05/13
- 666
Эрдэнэт үйлдвэр Монгол улсдаа анх удаа цахим музей байгуулав
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахим музейн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Энэхүү музей нь Монгол улсын Уул уурхайн хөгжил, Цахим мэдээлэл, Түүхэн замнал, Үйлдвэрлэл-технологи-инноваци, Бидний бахархал, Нийгмийн хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр сэдэвт зургаан танхимтай. Эдгээр танхимд үзмэр цуглуулга, сан хөмрөг, үзүүлэг дэглэлт, тайлбар танилцуулгын стандарт шаардлага хангасан 100 гаруй контент, 400-аад биет үзмэртэй, Монгол улсад анхны бүрэн цахимжсан музей боллоо.
Музейд Эрдэнэт уулаас олдсон хүрэл тогоо, хүрз, жоотуу, анхны геологичийн ажлын багаж, зэмсэг, зэс, молибден, Оюу эрдэнийн дээж, Монгол-Орос ажилтны баримал, маршал Ю.Цэдэнбалын захидал, Эрдэнэт үйлдвэрийн нээлтийн бэлгэдлийн түлхүүр зэрэг үзмэрүүд тавигджээ. Мөн гадаад, дотоодын зочдын хэрэгцээ, таалалд нийцүүлэн монгол, орос, англи хэлний тайлбартайгаар музейг үзэх боломжтой юм. Тус музейн ажлын зөвлөхөөр Монголын Үндэсний музейн “Музей судлалын мэргэжил, арга зүйн төв”-ийн дарга Д.Мөнхтогоо, гүйцэтгэгчээр Б.Ууганбаяр захиралтай “Воком технологи” ХХК ажилласан байна.
Музейгээр зочлох хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, их бүтээн байгуулалттай танилцахаас гадна үйлдвэрлэлийн дамжлага, зэс-молибдений баяжмалын үйлдвэрлэлийн явц, баялаг бүтээгч уурхайчдын хөдөлмөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр зэргийг орчин үеийн шийдэл, техник технологийн дэвшил ашиглан дуу дүрс, чичиргээний тусламжтайгаар виртуал орчинд үзэх боломжтой юм. Цаашид тус музейг Соёлын яаманд бүртгүүлж үзмэр, сан хөмрөгийг нь улам баяжуулах, үзмэр дэглэлтийг сайжруулах юм байна.
Т.Батчулуун
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл