Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Г.Занданшатарт 2021 оны тавдугаар сарын 219-ний өдөр Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүллээ.
Үндсэн хуульд Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Энэ нь хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Гурван бүлэг, есөн зүйл бүхий энэ хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
Нийгмийн харилцаа, технологийн хөгжлийн энэ цаг үед 26 жилийн турш хэрэгжиж буй Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулахад бэрхшээлтэй байгааг төслийн танилцуулгад дэлгэрэнгүй дурдсан байна. Иймд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг тусган, шинэчилсэн найруулгыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл нэртэйгээр боловсруулжээ. Хуулийн төсөл нь нийт найман бүлэг, 32 зүйлтэй.
Хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн мэдээлэлд юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг нарийвчлан бусад улс орны жишигт тулгуурлан нарийвчлан тодорхойлж, төсөл тусгасан байна.
Хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгаж, хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгажээ.
Мөн гүйцэтгэх ажлын явцад хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулахаар, дуу, дүрс, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Хүний хувийн мэдээлэл цуглуулахдаа эзнээс нь зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг хуульчлахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулсан байна. Мэдээллийн эзэн нас барсан тохиолдолд тухайн хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, сэтгүүл эүйн зорилгоор хувь хүний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглах зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээллийн эзний эрх, үүргийг тогтоож, эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах зохицуулалт, хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагчийн үүргийн талаар төсөлд тусгасан байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хуний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгажээ.
Сэтгэгдэл