- Сэтгүүлч
- 2021/05/21
- 773
Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний нэгдүгээр тогтоолоор баталсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн “Гэрээт малчин өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ”-ний хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.
Тус арга хэмжээнд хамрагдах гэрээт малчин өрх нь 18-59 насны хөдөлмөрийн чадвартай, хоёроос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, хоёроос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах хүсэлт гаргасан, сүүлийн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотод оршин суусан байх шаардлагатай.
Гэрээт малчин өрх нь дараах хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдана.
- Ажил олгогч малчин нь гэрээт малчин өрхийн хоёр гишүүнд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр үндсэн цалин олгоно.
- Гэрээт малчин өрхийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухай бүр тухайн жилд хуваарилагдсан хөрөнгөөс нөхөн төлж, хөнгөлөлт үзүүлнэ.
- Гэрээт малчин өрхийн орон нутаг руу нүүх зардлыг суурьших аймаг, сумын замын уртаас хамааруулан тооцож, 150.000-500.000 төгрөгийн дэмжлэгийг нэг удаа олгоно.
- Гэрээт малчин өрхийн хүсэлтээр гэрээт малчнаар хоёр жилийн хугацаанд тогтвортой ажиллуулах нөхцөлтэйгөөр малжуулах санхүүгийн дэмжлэг олгож болно.
Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 3 сая хүртэл төгрөг
Эргэн төлөх хугацаа: 36 сар
Дээрх шаардлагыг хангасан гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэд оршин суугаа хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл