Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехийн нэг нь Баяжуулах үйлдвэр. Тус цех нийт 1000 гаруй ажиллагчтай. Тэдний 1600 орчим хүүхэд багачуудыг цехийн захиргаанаас Хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр баярлуулдаг уламжлалтай. Энэ жил цехийн дэргэдэх Эцэг эхийн зөвлөлтэй хамтран цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баярын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж байна, гэж Арга зүйч С.Должинсүрэн ярилаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, “Миний бахархалт аав”, “Миний шүтээн ээж” сэдэвт дурсамжит гэрэл зургийн уралдаан, хамгийн сайн хийж чадах чадвараа видео бичлэгээр ирүүлэх, байгаль экологио хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх “Амьд байгаль бид 2” гар зургийн уралдаан зэрэг гурван төрлийн цахим уралдааныг цехийн ажилтнуудын хүүхдүүдийн дунд зарлажээ. Уралдааны шилдгүүд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тодорно. 

     Нийгмийн хариуцлагын хүрээнд цехийн эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвд “Хүүхдийн төлөө за! гэж хэлцгээе” уриан дор өв уламжлалын танхим тохижуулах аж.  Өнгөрсөн жил уурхайчин аав ээжүүд хамтран хүүхдийн Тоглоомын өрөө гарган, тохижуулжээ. Баяжуулагч бүсгүйчүүд санаачлан өөрсдийн сайн дурын хандиваар Эрдэнэт хотын төрөх тасагт шинээр мэндэлж буй бяцхан иргэддээ зориулан хэрэгцээт эд зүйлс бэлэглэдэг. Сайн үйлсийн энэхүү аян энэ удаа ч үргэлжлэх аж.  

     Цехийн гурваас дээш хүүхэдтэй гэр бүл болон одонтой ээжүүдэд урамшуулал олгох,  шилдэг эцэг эхчүүдээ алдаршуулах, 2 хүртэлх насны болон ихэр хүүхдүүд, нийгмийн анхаарал халамж шаардлагатай хүүхэд багачууддаа баярын бэлэг, дэмжлэг туслалцаа хүргүүлэх зэрэг уламжлалт үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Мөн энэ хавар нэгдүгээр анги төгсөж буй багачуудаа дурсамж үлдээх хөтөлбөрт оролцуулж, 12 дугаар анги төгсөгч хүүхдүүдээ хүлээн авч, уулзалт хийх аж. Түүнчлэн, Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэргэжлийн ном, мэргэжлийн гарын авлага илгээж,  Хот тохижуулах газар болон Наран цогцолбор сургуулийн ажилтнуудад амны хаалт, гар ариутгалын бодис зэрэг зүйлсийг тусламж болгон гардуулсан байна.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа