Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход үзэл баримтлал чиглэж буй юм.

Хуулийн төслийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.

-Өргөн барьсан хуулийн төсөл Улаанбаатар хотод эдийн засаг, хууль, засаглалын хувьд маш том өөрчлөлт, шинэчлэлтийг авчирна гэж үзэж байгаа шүү дээ. Хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-1992 оны Үндсэн хууль батлагдсан үеэс залгуулаад 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулан баталсан байдаг. Улаанбаатар хотын өнөөгийн асуудал 30 жилийн хугацаанд бий болсон. Нэг ёсондоо хуримтлагдаж ирсэн асуудал. Энэ нь санхүүгийн болон засаглалын хувьд чадамжгүйгээс болоод шийдэгдэж чадахгүй байсан. Хот гэдэг бол их айл. Сая 500 мянга гаруй иргэдтэй, 150 мянга гаруй бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөнгөний эргэлтийн 85 хувь, эдийн засгийн 67 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэ том эдийн засгийг өнөөдөр бид хэрхэн зөв зүйтэй залж, зохицуулж өгөх вэ гэдэг нь маш чухал асуудал болоод байна. Нийслэл хотод тулгамдаж байгаа асуудал бол манай улсын тулгамдаж байгаа асуудал гэсэн үг. Тиймээс энэ удаагийн Засгийн газар нийслэл хотын хөгжлийг түүчээлж, шинэ шатанд гаргах эрх зүйн талаас нь бодит дэмжлэг үзүүлэх, санхүү, эдийн засгийн талаас нь дэмжих шийдвэр гаргасан. Үүнийг дагаад суурь бүтцүүдийг дэмжинэ. Үүний ард олон зуун ажлын байр бодитоор нэмэгдэнэ. Тэгэхээр амьдрал ахуйг өөдөө татах, Улаанбаатар хотын ДНБ-ийг нэмэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хэдэн арван мянгаар нь бий болгох алсын зорилготой байгаа. Тэгэхээр яаралтай энэ хуулийн төслийг авч хэлэлцээд, өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

-Хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд орохоор байгаа вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд ямар зохицуулалт орох бол, ямар боломжууд иргэдэд ирэх бол гэсэн хүлээлт өндөр байгаа. Улаанбаатар хотын татварын зохицуулалтыг дэмжих эрх зүйн боломжийг нээх, хотын засаглалын уялдаа холбоог хангаж ажиллах боломжийг бүрдүүлдэг тогтолцоог бий болгох зохицуулалт нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Энгийн үгээр хэлбэл, манай Улаанбаатар хотын дүрмийн зохицуулалт гэсэн үг. Энэ хууль батлагдсанаар Улаанбаатар хотод гаднын хөрөнгө оруулалтыг татах, хот тулгамдаж буй дэд бүтцийн асуудал, дэд төвүүдийн асуудал, хурдны зам, төмөр замын, гүүрэн байгууламжууд, инженерийн байгууламжууд, сувагчлал, үер усны хамгаалалтыг бэхжүүлэх, Сэлбэ, Туул голын ай сав дагуух газрыг хамгаалах, Богд хан уулынхаа газар нутгийг давхар хянах тогтолцоог бий болгох юм. Хотын ачаалал даац бол хэрээс хэтэрсэн. Жишээ нь түгжрэлийн асуудал. Үүнийг зохицуулахын тулд эхлээд эрх зүйгээ нээн санхүү эдийн засаг, гаднын хөрөнгө оруулалтыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтрах, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээс орон сууцууд дээр урт хугацааны хөгжлийг дэмжсэн бонд гаргах, гаднын зээл тусламжаар асуудлаа зохицуулна. Үүнийг дагаад боловсон хүчин, бодлогын асуудал яригдана.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хотын даргын статус өөрчлөгдөж байгаа гэсэн?

-Энэ хуулиар хотын даргын статус Засгийн газрын гишүүний түвшинд очно. Нийслэлийн Засаг дарга өөрөө Засгийн газрын хуралдаанд асуудлаа оруулж, хэлэлцүүлдэг болно. Зөвхөн мэдээлэл сонсох төдий биш. Мөн УИХ-д асуудлаа танилцуулдаг болно. Олон салаа бодлогоор явж ирсэн. Олон оролцогчтой боловч хариуцлага хүлээх хүн байдаггүй. Тэгэхээр энэ хуулиар хотын даргын статус өөрчлөгдөж дээрх асуудлууд шийдэгдэнэ.

-Хууль батлагдсаны дараа засаглалын хувьд шинэчлэлт хийгдэнэ гээд байгаа шүү дээ. Энэ талаар?

-Хүний нөөцийн багаа бүрдүүлэх, сайн засаглал дээр суурилсан, зөв мэргэжлийн улсуудыг багтаа авах, инженерийн байгууламж, зам гүүрийн байгууламж, цэцэрлэгжүүлэгч, цахилгааны инженер, усны инженерүүд гэхчлэн тодорхой өөрчлөлтүүдийг хотод хийхээр бодож байна. Үүний төлөө бид ажиллана. Засгийн газраас маш том дэмжлэг ирнэ. 420 тэрбум ч биш бусад эх үүсвэр дээр ч гэсэн ярилцаж, шийдэх асуудлууд байгаа. Хотын асуудал бол улсын асуудал.

-Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдсан. Түр хороо ямар оролцоотой байх вэ?

-Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог түүхэндээ анх удаа байгуулсан. Өнөөдөр Улаанбаатар хоттой холбоотой маш олон хуулийн зохицуулалтууд байгаа. Зөвхөн эрх зүйн байдлын тухай хуулиар хязгаарлагдахгүй. Араас нь газрын асуудал, хот байгуулалтын асуудал, хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төсөв санхүү, мөнгөний асуудал, гадаадын зээл, тусламж, байгаль орчинтой холбоотой асуудал, усны тухай хуультай холбоотой асуудал, эдэлбэр газартай холбоотой асуудал, дагуул хотын асуудал гэх мэт маш олон хуулийн асуудлууд Их хурлаар орно. Тиймээс УИХ бодлогын түвшинд  дэмжлэг үзүүлж, Түр хороог байгуулсан. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ажиллаж байгаа. Үүн дээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  зэрэг нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, мөн Ардчилсан намын гишүүд, орон нутгаас сонгогдсон С.Бямбацогт зэрэг 20 гаруй гишүүд дэмжиж байгаа. Хотоо гэх сэтгэлтэй гишүүд энэ цаг үед нэгдэж байгаа нь Улаанбаатар хотод гол бодлогын дэмжлэг үзүүлэх суурь хүч болж байна гэж үзэж байгаа.

Хотын даргын хувьд ч итгэлийг нь алдахгүй, хамтын хүчээр зүтгэж, бүтээн байгуулалт, нийгмийн дэвшил авчрах, хууль эрх зүй болон засаглалын шинэчлэл авчрах том ажил руу Засгийн газар, Их хурлынхаа дэмжлэгтэйгээр Нийслэл нь гол зангидах хүч нь болоод ажиллана. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч маань ч бүрэн дүүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

-Баярлалаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа