"Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг С.Чинзориг гишүүн танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, С.Бямбацогт, Х.Ганхуяг, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Сэргэлэн, Т.Энхтүвшин нар тус ажлын хэсэгтэй хамтран ажилласан болохыг санал, дүгнэлтэд дурдсан юм. Ажлын хэсэг тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, төслийн хавсралтад тусгасан 263 төсөл, арга хэмжээг хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжих боломж зэргийг нарийвчлан томьёолох чиглэлээр нийт 159 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулж, Байнгын хороогоор хэлэлцүүлжээ.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …, Засгийн газрын … үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх;” гэж, 6.10.2-т заасан “санхүүжилтийн баталгаат эх үүсвэртэй, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан тухайн жилд хэрэгжих төсөл, арга хэмжээний задаргаа байх” гэж тус тус заасан байдаг бөгөөд хэлэлцэж буй төслийг эдгээр зохицуулалттай нийцүүлсэн байна.
Төслийн хавсралтад эшлэсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох зорилтууд болон “Засгийн газрын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний холбогдох заалтуудыг төслөөс хасч, “Засгийн газрын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн холбогдох зорилтуудыг эшлэх өөрчлөлтийг хийсэн байна. Төслийн хавсралтын “Зорилт, арга хэмжээ” гэсэн 3 дугаар баганыг хуульд нийцүүлэн “Төсөл, арга хэмжээ” гэж өөрчилж, түүний хүрээнд дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичигт заасан тэр хэвээр тавьсныг тухайн зорилтод хүрэхийн тулд 2022 онд хэрэгжүүлэх тодорхой төсөл, арга хэмжээ болгон өөрчилжээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Х.Нямбаатар, Б.Баярсайхан, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа нар асуулт асууж, Эдийн засгийн байнгын хороо болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Ийнхүү 18.00 цаг болсон тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл