Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, намын бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлэг уг хуулийн төслийн хэлэлцүүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн.
Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.4 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, С.Бямбацогт, Х.Ганхуяг, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулан, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллын хамт энэ сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн юм.
Чуулганы мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан бөгөөд хуралдааны цаг дууссан тул зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы дараагийн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэхээр болж, хуралдааныг завсарлуулаад байв.
Иймээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэхээр товлоод байв. Харин Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа тогтоолын төслийн талаар дахин нягталж байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа тул нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч намын бүлэгт завсарлага өгснөөр тогтоолын төслийн хэлэлцүүлэг хойшлов.
Сэтгэгдэл