Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан өнөөдөр (2021.06.29) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Жалгас Адилбаев Их Монгол Улс байгуулагдсаны 815, Тулгар төр байгуулагдсаны 2230, Ардын хувьсгал болон МАН-ын 100 жилийн ой тохиож байгаад баяр хүргэв.
Мөн Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүйн ялалт байгуулсанд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад түүхэн айлчлал хийх үеэрээ олон гэрээ, хэлэлцээр байгуулсан. Уг гэрээ, хэлэлцээрт тусгагдсан ажлуудыг урагшлуулж, хэрэгжүүлэхэд парламентын бүлгийн дарга хувьд онцгой анхаарч өгөхийг хүслээ.
Мөн Казахстаны улс төрийн нөхцөл байдал, өөрчлөлт шинэчлэлт, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв. Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж байгаагаа Элчин сайд онцоллоо. Казахстаны Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс КАЗВАК хэмээн ковидын эсрэг вакциныг гарган авсан бөгөөд энэхүү вакциныг Монгол Улсад хүмүүнлэг тусламжийн хэлбэрээр 15-20 мянган тунг хандивлах боломжтой гэдгийг Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн гэлээ.
Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улс тусгаар тогтносны 30, хоёр танхимтай Парламенттай болсны 25 жийн ой тохиож байгаад баяр хүргэв.
2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатайгаар 1 удаа сонгохоор хуульчилсан. Энэ хуулийн өөрчлөлт шинэчлэлтийн дагуу сонгуулиа амжилттай зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгч УИХ-д тангаргаа өргөсөн талаар мэдээлэл солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүрэгт ажилтай байхдаа Нур-Султан хотод хийсэн айлчлалын үеэр “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг гэрээлсэн. Уг төслийн ажлыг хэрэгжүүлэх, эрчимжүүлэхэд анхаарч, хамтран ажиллахаа Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан илэрхийллээ.
Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсаас санаачилга гарган КАЗВАК хэмээн ковидын эсрэг вакциныг нийлүүлэх гэж буйд талархаж буйгаа илэрхийлэв. Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд гаргахад УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлэг чухал үүрэгтэй гэдгийг дурдаад цар тахалд баригдалгүй 2 талын бүлгийн гишүүдийн цахим уулзалт, хурал зөвлөгөөнийг цаг алдалгүй зохион байгуулах талаар талууд ярилцав.
Сэтгэгдэл