Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өргөн барив.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн уялдаа, хоорондын нийцлийг хангаж, түүнийг боловсруулан батлах тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Улсын Их Хурал 2020 оны хаврын ээлжит чуулганаар шинэчлэн баталсан. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хууль нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцэхгүй байгаа учраас хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж заасны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд Төсвийн тухай болон бусад хуулийг нийцүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Төслөөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтын уялдаа, нийцлийг хангаж, зарим нэр томьёоны тайлбарыг нэмэх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрх, Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болон дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг, богино хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт зарим өөрчлөлтийг хийх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.

Бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх субьектийн эрх, үүрэг, бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн нэршлийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ. 

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл: Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд төслийг боловсруулсан байна. Цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.

Тодруулбал, кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлжээ. Кибер аюулгүй байдал нь алдагдсанаар үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулах эрсдэлтэй мэдээллийн систем, дэд бүтэц бүхий байгууллагуудыг тодорхойлж, аюулгүй байдлыг нь хангах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх механизмыг бүрдүүлэх, энэ төрлийн халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагааг энэхүү төслөөр хуульчлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Төрийн байгууллага хооронд, төр-хувийн хэвшил, иргэд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх талаар тогтмол мэдээ мэдээлэл солилцож байх зохицуулалтыг хуульчлахаар төсөлд мөн тусгасан байна. Үүний зэрэгцээ олон улсын байгууллага болон гадаад улс орнуудтай кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар хамтран ажиллах, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлын талаарх зохицуулалтыг хуульчлах юм байна.

Мэдээллийн аюулгүй байдлын аудитын талаарх зохицуулалт нь шинэлэг зохицуулалт гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ. Кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм, журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу дээрх шинэлэг зохицуулалтыг тусгасан байна.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орныхоо хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх, хамтын ажиллагаа гэсэн үндсэн таван үзүүлэлт, дэд 25 үзүүлэлтийн хүрээнд кибер аюулгүй байдлын индекс гаргадаг. Манай улс хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг зэрэг үндэслэлээр 2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. 

Сайд Ц.Нямдорж мөн "Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа. Уг төслийг өмнө өргөн барьсан ч хэлэлцүүлгийн шатанд Засгийн газраас буцаан татсан бөгөөд шаардлагатай өөрчлөлтүүдийг тусган дахин өргөн барьж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.MN сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа