УИХ-ын дарга Г.Занданшатарт Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто бараалхлаа
УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.07.29) Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд ноён Петер Сияяарто тэргүүтэй уламжлалт, найрсаг харилцаатай Унгар Улсын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал уг уулзалтад оролцсон юм.
Хоёр улсын парламент дахь парламентын бүлгийн дарга нар өнгөрсөн зургадугаар сард цахим уулзалт хийсэн бол өнөөдөр биечлэн танилцах боломж гарч буйг УИХ-ын дарга онцлон дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр “Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Дэлхийн даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын халдварыг тогтоон барих, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг бид тэргүүлэх зорилтоо болгохын зэрэгцээ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэхүү сорилтыг даван туулахад хамтын хүчин чармайлт, харилцан дэмжлэг нэн шаардлагатай энэ үед амьсгалын 33 ширхэг аппаратыг манай улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд олгож буй Унгар Улсад гүн талархлаа илэрхийлье” гэлээ.
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны олон жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа нь бүх талын хамтын ажиллагааны тогтвортой суурь болдгийг дурдав. Талуудын хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд Унгар Улсын зүгээс онцгой анхаарал хандуулж байгааг тэрбээр хэлээд Монгол Улсын “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн талаар онцоллоо. Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусын гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм. Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, цахилгаан хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах зэрэг ажлууд хийгдэх бөгөөд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулахыг УИХ-ын даргаас хүслээ. Энэхүү төсөл үр дүнтэй хэрэгжсэн тохиолдолд усны менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээрх дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг ноён Петер Сияяарто хэлж байв.
Цар тахлын нөхцөл байдал нь улс орнуудын эрүүл мэндийн салбарын нөөц бололцоог бүрэн шалгаж байгаа тул энэ чиглэлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзэж, Унгар Улс амьсгалын аппаратыг үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Түүнчлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангахаар амны хаалт үйлдвэрлэж, агаарын тээврийн салбараа бэхжүүлэхэд анхаарсан бол ирэх жилээс вакцин үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөн холбогдох судалгаа хийж, бэлтгэл ханган ажиллаж байгааг талаар мэдээлэл өгсөн. Ийнхүү тодорхой төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээрээ тусламж хэрэгтэй бусад улс оронд туслалцаа үзүүлэх боломжтой болж, Монгол Улсаас ирсэн хүсэлтийн дагуу эдгээр амьсгалын аппаратуудыг өгч байгаа юм. Монгол Улсад вакцинжуулалт өндөр хувьтай байгаа, тиймээс цар тахлын халдвараас хамгаалах сэргийлэх зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэхдээ таатай байна гээд эдгээр тоног төхөөрөмж нь олон монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаална гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх нь цар тахлын эрсдэлээс сэргийлэх гол хүчин зүйлүүдийн нэг гэдэгтэй санал нэг байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлээд Унгар Улсад оршин суугаа манай иргэд вакцинд хамрагдах боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй харилцаа нь хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээгээд “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн үйл ажиллагаанд Монгол УИХ-ын зүгээс чухалчлан анхаарч, бүх талаар дэмжин ажиллах болно гэлээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Боловсролын салбар нь манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл юм. Монголын олон зуун залуус Унгар Улсад суралцан мэргэжлийн боловсон хүчин болон бэлтгэгдэж, эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын ард түмэн хоорондын харилцааны гүүр болж байна. Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд иргэд хоорондын харилцаа чухал үүрэгтэй гэдэгтэй Та санал нэг байгаа байх. Цаашид боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлнэ хэмээн найдаж байна” гэлээ.
Мөн хоёр улсын улс төрийн харилцаа бэхжиж, соёл, боловсролын чиглэлээрх хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг Г.Занданшатар дарга дурдлаа. Хоёр орны соёл болон кино урлагийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг онцлоод “Энэ чиглэлээр дэлхийд өөрийн гэсэн орон зайг бий болгосон Унгарын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна. Унгарын талын дэмжлэгтэйгээр Бат болон Атилла хаадын тухай кино бүтээж буйд баяртай байна” гээд хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Хэдийгээр цар тахлын амаргүй нөхцөлд байгаа ч хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон Зуны олимп энэ өдрүүдэд болж байгааг УИХ-ын дарга дурдаад Унгар Улсын баг тамирчид өндөр амжилттай оролцож буйд баяр хүргэсэн юм.
Унгар Улс иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад спорт нэн чухал хэмээн үзэж, энэ салбарыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийдэг талаар ноён Петер Сияяарто дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрущанский, Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Барани Андраш болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Сэтгэгдэл