“Жишиг танхим” төсөл хэрэгжиж эхэллээ
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа тэргүүтэй албаны хүмүүс тус дүүргийн 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 173 хороо байдгаас хамгийн их буюу 19200 хүн амтай хороо юм. Төрийн анхан шатны нэгж болох тус хороо нь иргэддээ ая тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх, төрийн албан хаагчид орчин үеийн шийдэлтэй орчинд ажиллах нь өөрөө олон давуу талтай.
Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Жишиг танхим” төслийг тус хорооноос эхлүүлэхээр болсон байна.
БГД-ийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сүхбаатар хэлэхдээ, “Бид Иргэний танхимаа байнгын тогтмол ажиллагаатай байлгаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож, түүнийг хэрэгжүүлэх, бодит ажил болгох, цаг үеийн ажил асуудлаар олныг хамарсан хэлэлцүүлэг хийж, ил тодоор иргэддээ мэдээлж байхыг хичээн ажилласаар байна. Манай хороо "Нэг цонхны үйлчилгээ"-гээр Улсын бүртгэл, Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ, цагдаа, нийгмийн ажилтан, зохион байгуулагч үйлчилж байгаа бөгөөд нэмээд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, нийгмийн даатгалын үйлчилгээг авах хүсэлт тавиад байгаа. Ингэснээр иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй бодит нэг цонхны үйлчилгээ болгох юм.
Мөн цаашлаад гарааны бизнес эрхлэгч залуус бизнесийн санаагаа төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулан, бизнесийн үйл ажиллагааны хүрээн дэх асуудлуудаар санал солилцох, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилттой байна” гэлээ.
Дашрамд дурдахад Баянгол дүүргийн 6 дугаар хороо нь 2021 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санал асуулгын ажлаар БГД-ийн 25 хорооноос хамгийн өндөр санал авч шалгарсан бөгөөд хорооны хэмжээнд сүүлийн 10 жилд хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт "Өрх бүр нэг мод" төслийг хэрэгжүүлж 2600 гаруй мод тарьжээ.
Мөн ИТХ-ын ажлын албанаас санаачлан зохион байгуулж буй "Сэтгэлээрээ эмчилье" аянд алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлан нэгдсэн юм.
Сэтгэгдэл