Сүүлийн үед цахим орчинд “Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа манай орны цэргийн алба хаагчид халдлагад өртсөн” гэх хуурамч бөгөөд олон түмнийг цочроосон мэдээлэл цацагдаж байна.

Цэргийн байгууллага нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд аливаа худал мэдээллийг цахимаар олон нийтэд тарааж байгаа нь зохисгүй үйлдэл болохыг бид удаа дараа анхааруулсаар байна. Иймд Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас нь тодруулга авч нийтэлж байх шаардлагатай.

Энэхүү хуурамч мэдээллийн хувьд, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэн ба энэ ажиллагаа 2021 онд дуусгавар болсон юм.

Уг ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 7100 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бөгөөд сүүлчийн ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэ оны тав болон зургадугаар сард эх орондоо ирснийг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ  монгол эх орон, Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа олон үндэстний цэргийн алба хаагчдад үлгэр дуурайл болсоор ирснийг гадаад орнуудын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн юм гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа