Өнөө жил Чөлөөлөх дайны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан уншигчдад дуулгах зүйл байна гэлээ. Мөн тэрбээр “Эх орны манаа” сонины эрхлэгчээр 10 гаруй жил ажилласан бидний хувьд Лу эрхлэгч хэмээн эрхэмлэгдэх хүндтэй хүн. Биднийг очиход тэрбээр цэргийн хүний ёсоор хувцасаа өмсөн, тэвхийтэл сууж байв. Өмнөх ширээн дээрээ уйгаржин монгол бичгээр ярих зүйлээ тав хүртэл эрэмбэлэн бичсэн харагдав. Мөн ойролцоох хоёр ч ширээн дээрээ янз бүрийн ном олныг өрж тавьсан нь бичиг цаасны ажлаа эмхэрдсээр байгааг илтгэнэ.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

-Сайн байна уу. Эрхлэгч ээ бие тэнхээ данги уу. Та энэ жил нас сүүдэр хэд зооглож байна вэ?

-Яаж данги байхав дээ, хүүхээ. Энэ жил 96 хүрч байна. 

-Юуны өмнө танд ОХУ-ны Ерөнхийлөгч В.В.Путиний зарлигаар Аугаа эх орны дайны 75 жилийн ойн медалиар шагнагдсанд баяр хүргэе?

-Баярлалаа. ОХУ-ны Ерөнхийлөгч В.В.Путиний зарлигаар аугаа эх орны дайны 75 жилийн ойн медалиар шагнагдсаныг саяхан гардаж авлаа. Түүхт ойн медалийг Элчин сайд өөрийн биеэр гэрт минь хүрэлцэн ирж гардуулсанд баяртай байна. 

-Та уншигч олонд хүргэх зүйл бий гэсэн шүү дээ. Чөлөөлөх дайны талаар ярилцна гэж ойлгосон?

-Тийм ээ. Эхлээд бага хурал, дараагийн хэсэгт санал хураалтын тухай яримаар байна. Дайн эхлэх үү байх уу гэдгийг бага хурал шийдсэн юм шүү дээ. Харин санал хураалтын тухайд анх удаа хүмүүсийн чихэнд хүргэх гэж байна. 

-За тэгвэл бага хурлын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Монгол Улсын тусгаар тогтнолд онц чухал ач холбогдолтой Кримийн бага хурал 1945 оны хоёрдугаар сард болсон юм. Монголын хувь заяаг төдийгүй дэлхийн асуудлыг энэ хурал шийдсэн юм шүү дээ. Энэ хуралд Зөвлөлтийн талаас И.В.Сталин, Америкийн талаас Ерөнхийлөгч Рузвельт, Английн талаас Черчилль нар оролцон асуудлыг удирдан шийдвэрлэсэн байдаг. Энэ хурал олон чухал асуудлыг шийдсэн. Мөн маргаантай асуудал ч олон байлаа. Нэгэнт Герман улс бууж өгөх нь тодорхой болсон учраас юуг нь аль улс авах тухай яригдаж эхэлсэн. Энэ тал дээр харилцан маргаан үүссэн гэж болно. Дайнд ЗХУ гол үүрэг гүйцэтгэсэн.

Нийт 27 сая хүнээ алдсан шүү дээ. Англи гурван сая гаруй, Америк 200 мянга гаруй хүнээ алдсан. Мэдээж гол ялалтыг байгуулахад ЗХУ үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс ЗХУ Германыг цэрэггүй бүс болгоно гэж хэлэлцэхэд нөгөө хоёр орон хувь буюу Германы нутгийн хагасыг авна гэцгээсэн. Мөн энэ хурлаар НҮБ-ыг байгуулах тухай хэлэлцэн, аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад ямар улс багтах, бүтэц нь ямар байх зэрэг асуудлуудыг нарийн хэлэлцсэн байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох Холбоотнууд голлон 1945 онд НҮБ-ыг байгуулсан шүү дээ. Харин И.В.Сталины хувьд Монголын тусгаар тогтнолын тал дээр хатуу зогссон байдаг юм. БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь гэж тогтоосон. Энэ үг цаанаа айхтар агуулгатай байж.

Одоогийн байгаа хил гэдгийн цаана өөр санаа агуулагдаж байлаа. Сталин Рузвельтэд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд Чан Кайшид нөлөөлөхийг хүсэж  өнөөх нь хүлээн авсан байдаг юм. Монгол Улс дайн зарлахдаа монгол үндэстнийг буюу Өвөрмонголыг чөлөөлж өөртөө нэгтгэнэ гэсэн санааг дэвшүүлэн тавьсан. Үүнийг харин Зөвлөлтийн тал эсэргүүцэж байлаа. Учир нь Өвөрмонголыг өгчихөөр Буриад Монголыг тэд алдахад хүрч Монгол Улс гэх их гүрэн үүснэ гэж болгоомжилж байгаагаа Чан Кашитэй хийсэн ярилцлагандаа дурдсан байна. Сталин Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй байх нь танайд ч, манайд ч аюултай гэж хэлсэн байдаг. Манай улс Өвөрмонголыг өөртөө нэгтэхээр тухайн үед дуу, шүлэг хүртэл гаргаж байлаа шүү дээ. Үүнийг нь бид ч дуулж явлаа. 

...Төрөхөөс ижил зүстэй

Өсөхөөс адил хэлтэй

Өвөрмонголын ардууд угсаа нэгтэй бид нар 

Эрхээ бүрэн эдэлж 

Энэ жаргалангаас хуваалцаасай... 

Мөн Өвөрмонголд тараах гэж ном бэлдсэн байсан юм. Гэтэл фронт командлагч Плиев, “Бид энэ орныг чөлөөлөх үүрэгтэй болохоос ямар засаг тогтоох нь хамаагүй” гэж хорьж хураасан тухай Ж.Лхагвасүрэн жанжин дурдатгалдаа дурдсан нь бий. Энэ нь Сталингийн үүрэг байж таарна биз дээ. Дайнд оролцож явсан хүний хувьд тухайн үеийн  цэргүүдэд хятад жижиг толь бичиг тарааж өгсөн бол тун хэрэгтэй байсан.

Дор хаяж цэргийн тоо, байрлал, зам харгуй, гол ус, гүүр хаагуур байгаа гэх мэт цөөн хэдэн үгтэй хятад, монгол хэлтэй толь бичиг байсан бол ихээхэн нэмэртэй байхсан. Бидэнд Хятадын талаарх ойлголт тэр үед юу ч байгаагүй. Ямар сайндаа л нэг удаа хоёр цэрэг олзлоод иртэл хороо, дивизэд хятад хэлтэй хүн байдаггүй шүү. Тэгээд Плиев командлагчийн штаб руу явуулж билээ. Тэр олзны цэргүүдээс чухал мэдээ сонссон бололтой юм билээ. Тухайн үед манай 28 дугаар хорооны дарга Чойн Дугаржав байлаа. Чухал хэл олзолсон тул “Эх орны дайны одон”-гоор намайг шагнасан гэж би боддог. 

-Та 1945 оны Чөлөөлөх дайнд тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан гэсэн шүү дээ. Энэ тухайгаа үргэлжлүүлэн яриач? 

-Хоёр дахь дайсан этгээдийг олзолсон баримт Улсын архивт хадгалагдаж байгаа. Намын гишүүний хавтастай хэргэн дотор байна билээ. Намын бүх гишүүдийн хурлаас фронтод амжилттай үүрэг гүйцэтгэсэн гэж намын цэнхэр гишүүнээр намайг элсүүлсэн. Тус намын хурлын тогтоолд, “Энэ хүн нь орлогчийн хугацаанд 12 удаа шагнагдаж, дайсны 250 гаруй цэргийг илрүүлэн устгасан” гэж бичсэн байдаг. Хүссэн нэг нь энэ баримттай танилцаж болно. 

-Аливаа дайн тулаан гэдэг газар нутгийн болоод хүн зоны эрх чөлөөний төлөөх тэмцэл байсаар ирсэн?

-Газар нутаг гэдэг улс оршин тогтнохын үндэс. Тиймээс ч газар нутгийн төлөө ихээхэн анхаарал тавьсаар ирсэн. Жишээлбэл 1911 онд автономит монгол гэж байгуулагдахад Хятадын талынхан Дарьгангын нутгийг бүхлээр нь, баруун талд Алтайгаас Цагаан Түнх хүртэл газрыг авна гэсэн. Цагаан түнх гэдэг нь одоогийн хилээс 140 км орчим зайтай Үенч сумын нутагт бий. Энэ бүхнийг авна, Шинжаанд нэгтгэнэ гэж маргаан хоёр жил үргэлжилсэн байдаг. Газаргүй улс гэж байдаггүйтэй адил монголчууд эртнээс өөрийн газар нутгийн төлөө тэмцсээр ирсэн. Энэ бүхнээс харахад газар нутаг гэдэг хичнээн чухал болох нь харагдаж байна. 

-Нэг зүйлийг сонирхон асуумаар санагдлаа. Давст уулыг Ю.Цэдэнбал дарга Орост өгчихсөн гэж хэлж ярих хүмүүс бий. Таныг энэ талаар өгүүлэл бичсэнийг мэдэх юм байна?

-Огтын худал зүйл. Учир нь Давст уулын тухай анхны гэрээ хэлэлцээр хийгдэж байхад Ю.Цэдэнбал 16 настай хүүхэд байлаа шүү дээ. Тус уултай холбоотой эх сурвалжийг судалбал 1930-аад оноос эхлэлтэй байдаг. Гэрээ хийсэн улсуудынх нь нэр ус ч тодорхой бий. Ерөнхий сайд байсан П.Гэндэн гуай Лхамжав гэдэг хүнээр толгойлуулж хил тогтоох комисс байгуулан анхны гэрээ хэлэлцээрийг хийж байжээ. Тус гэрээгээр Давст уулыг Тувагийн нутагт оруулчихсан юм шүү дээ. Түүхээ мэдэхгүй байна гэдэг ийм хор уршигтай. 

-Давст уулаар зогсохгүй газар нутагтай холбоотой олон маргаан бий шүү дээ? 

-Эцэстээ үйл явдал яаж дууссан талаар үргэлжлүүлэн ярья. ЗХУ-ын Гадаад явдлын яамны сайдаар Молотов тухайн үед ажиллаж байлаа шүү дээ. Монголын газрыг авах санаатай ирж Ю.Цэдэнбал даргад төв хорооны бичгийг тулган гардуулж өгсөн. Манай Гадаад явдлын яамны сайд Аварзэд гэж хүн энэ уул манай нутаг гэж маргалдтал халчихаж. Ийм жишээ өшөө бий. Халхын голын дайны үеэр Мана уулыг чөлөөл гэж фронт командлагч Жуков, наймдугаар дивизийн дарга Нятайсүрэнд үүрэг өгч гаргасан байдаг. Хорооны дарга Бадарч, комиссар Цэдэн-Иш нар удирдан яваад Дэгээ гол дээр амарч байгаа нэрийн дор удтал саатсан байдаг юм. 

Энд генерал Цэдэн-Иш биш болохыг онцолж хэлэхгүй бас горигүй. Ингээд хоёр хоног хожигдон өдрийн цагаар зорьсон газраа тэд хүрчээ. Энэ үеэр Мана уулан дээрээс Японы талынхан дурандаж, хяналт хийн бүхий л байрлал болоод хүн хүч, зэр зэвсгийн чадлыг нь мэдсэн байна. Ингээд үүрээр гэнэдүүлэн дайрахад манай тал ухарч. Ойрхон байсан хилийн салбар, Зөвлөлтийн роттой ч холбоо бариагүй нь тэдний бас нэг алдаа болсон юм. Их бууныхаа батерей, халуун тогоо зэргээ хаяад ухарсан байдаг юм. Энэ явдлаас үүдэж Мана уул Японы мэдэлд орж хожим Хятадын талд очсон байдаг юм. Одоо Хятадын Маншан уул гэгдэх болсон. Газар нутаг гэдэг ийм ач холбогдолтой. Тиймээс ч газар нутгийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явагдсаар ирсэн байх юм. Хоёул газрын тухай асуудлыг товч хөндлөө. Одоо ингээд орхиё. 

-Дайнд яваагүй атлаа газар орон болоод хүний нэрийг андуу ташаа хэлж ярих болсон талаар та ярианы эхэнд хэлсэн. Тухайлбал, яг ямар газар орныг бэ? 

-Янз бүр хэлж, ярьж, бичсэн нь бүр сүүлдээ зуршил болчихсон. Энэ тухайгаа “Ардын цэргийн түүхэн товчоо” гэж хоёр боть номонд дурдсан байдаг юм. Манайхан эхлээд Яндуугийн сүмийг чөлөөлсөн тухай бичсэн бий. Яндуу биш Ёндон гэдэг хүний нэр байгаа юм. Газар нутгийн нэрийг энэ мэт ихээхэн андуу ташаа болгон бужигнуулсан нь бий. Монголын морьт цэрэг Иншаны нурууг давсан гэж бичсэн байгаа. Иншан гэдэг нь тэр биш. Ниншан гэдэг нь бидний давсан газар юм. Иншан гэдэг нь Өмнөговиос урагш чиглэлд бий уул л даа. Энэ мэтээр нэр томъёог зөв олж, танин мэдэж, үлдээх хэрэгтэй. Алшагийн нутагт байгаа Ниншан гэдэг уулыг хаа холын Хянганы нурууны Ниншантай холбож бичиж таарахгүй. Өвөрмонголчууд болоод гадныхан олж уншвал ер ойлгохгүй болов уу. 

Мөн дайны эхэлсэн хугацааг есдүгээр сарын 08-ны шөнө гэж бичдэг. Шөнө эхэлсэн гэдэг нь худлаа. Миний бие тус өдрийн өглөө үүр цайсан хойно хорооныхоо цугларалтад амжилт гаргана гэж үүрэг амлалт авч зогссон хүнийн хувьд гэрчилнэ. Монгол, Зөвлөлтийн цэрэг 08, 09-нд дайнд орчихсон байхад маргааш нь Х.Чойбалсан Японд манай улс дайн зарлалаа гээд ард түмний өмнө албан ёсоор зарласан байдаг юм. Энэ талаар хэн ч дуугардаггүй. 1936 онд байгуулсан Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протколд хоёр оронд дайны аюул учирвал харилцан тусална гэж заасан. Уг заалтыг үндэслэн маргааш нь дайн зарласан гэж учрыг гаргаж ч хэлдэггүй.

Энэ мэтээр ярих зүйл олон бий. Монголын таван морьт дивизийн хүч хуралдуулах байр Байшинтад байсан гэж бичээд байгаа. Гэтэл Байшинт нь хилээс 100 км-ийн дотогш байсан. Хил дээр байсан юм биш. Байшинтад фронт командлагч Плиевийн штаб л хил дээр байсан юм шүү дээ. Мөн ганцхан нисэх дивиз Байшинтад байсан. Байшинт нь Дарьгангын нутагт байсныг та бүхэн мэдэх байх. Монголын бүх морин цэрэг, таван дивиз, холбооны хороо, Зөвлөлтийн гурван бригад, нэг морьт дивиз, мотобуудлагын анги тус дайнд оролцож явсан юм. Сая хэлсэн гол хүчээ манайхан нарийн судалдаггүй. Ганц намайг хэллээ гээд анхаарч үзэх нь юу л бол. Гэхдээ түүх үнэн үлдэх ёстой. Гэтэл манайхан Жанчхүүгийн давааг л хоргоож бичээд байдаг. Хүнд бэрхшээлийг гол хүч үүрсэн.  

-Чөлөөлөх дайнд оролцож явсан танд эргээд дурсахад хамгийн хэцүү цаг үе хэзээ, чухам хаана тохиолдсон бэ? 

-Цахарын элс нь олон км-ийн өргөнтэй. Хоёр, гурван хоног явахаас нааш дийлдэхгүй. Энэ их элсэнд морь хүртэл ядраад явж чадахаа байна. Их буугаа дөрвөн мориор чирүүлээд байхад дийлдэхгүй шахам. Морь хүзүүгээ сунгачихаад, ухархай нь хүртэл хөлсөөр дүүрчихээд зутгээд байдаг, хөөрхий минь. Их буугаа хүний хүчээр дэмнэж байж бид элсээр гаргасан. Гэтэл энэ мэт нарийвчлан судалсан зүйл бас л байдаггүй. Дайны цагт хүн, морьгүй их ядарна. Бие засах зуурт морь унтаж л байдагсан.

Адуу жигтэйхэн нойртой амьтан шүү дээ. Энэ завсарт нэг зүйл санасан дээр хэлье. Дайны бэлтгэл хангахад Маршал Х.Чойбалсанг Зөвлөлтийн тал өндөр хэмжээнд хүлээн авсан байдаг. Тусгаар улсын хэмжээнд хүндэтгэлтэйгээр хүлээн авсан ч гэж болно. Энэ үеэр Х.Чойбалсан дарга манай цэргүүдэд хүрэлцэх хэмжээний хувцас, зэвсэг өгөөч гэж л дээ. Биднийг хилээс урагш хоёр хоног хэртэй явж байхад Цагааннуурын орчимд учиргүй их бараа, сум, буу бэлдчихсэн байж билээ. Хөлийн ороолтноос эхлээд ногоон өмд, цамц, савхин гутал, дотуур хувцас хүртэл нөөцөлж авсан. Би жижиг гар пульмёттой болсон. Нэг удаадаа 71 удаа шүршиж буудах зориулалттай. Сумны нөөцөөс гадна хэдэн гранат авлаа. Өнөө хэдээ морин дээрээ ачтал хотолзоод дааж ядаад болдоггүй. Тэгэхээр нь сум, гранатаа хагасласан. Ингээд дөрвөн гранат, хоёр ээлжийн сумтай цааш явсан.

-Өөрийн орны хилийн дээсийг давж Хятадын нутагт ороод олон үйл явдал тохиолдсон байх даа?

-Дайн эхлэхэд манай салааны даргаар Дүгэржав гэж хүн томилогдсон юм. Тэр хүн намайг тагнуулын үүрэг гүйцэтгэ гэж эхний өдрөө элсүүлсэн юм. Тагнуулын буюу хэл чимээ цуглуулахаар штабын сургагч, хэдэн цэргийн хамт бэлдэхэд би багтсан нь энэ. Томилохдоо, “Чиний өмнө орос, монгол цэргийн мөр гараагүй нутаг хүлээж байна. Дайсныг хянах, байрлалыг тогтоох, хөдөлгөөнийг тодотгох мөн хичнээн хүн байгааг мэдээл” гэдэг үүрэг хүлээлгэсэн. Мэдээгээ морин холбоочноор ирүүлж бай гэж тушаасан. Сайн мэдэхгүй газар орон дээрээс нь хэл усыг нь мэдэхгүй байна гэдэг тун амаргүй. Зарим өдөр анги байрлалаа сольж шилжин байршна. Өдөртөө Улаанбаатараас Төв аймаг хүрэх орчмын газарт үүрэг гүйцэтгэдэг байлаа. Нэг өдөр морин холбоочин ангиас буцах хэл дуулгав. Гүүрний дэргэд очиход цааш зам зааж өгнө гэлээ. Очлоо.

Нэг Хятад тахианы махаар янзын сайхан шөл хийчихсэн сууж байна. Халуун хоол ид гээд тохиод байх юм. Өөрөө ч идэж байна шүү. Эхлээд болгоомжилж байгаад хамт идлээ дээ. Хамаг биеийн хөлс цутгаад ядаргаа сайхан тайлагдаж билээ. Хятад хүн бүр муу гэдэг нь худлаа. Биднийг очиход тэд жижиг улаан дарцаг даллаад угтдагсан. Түрүүн ярьсан их элсийг гатлахаар Долнуур хот харагдна. Долнуурыг харахаар дотор сэртхийнэ шүү дээ. 1691 онд Монголын ноёд энэ хотод бууж өгөн ёслол хийсэн газар гэж бодохоос сэтгэл эвгүйрхнэ. 1691 оны хэлэлцээрээр халхын гол хүн болох Засагт хан, Түшээт хан, Өндөр гэгээн гуравт хүн бүрт нэг лан цагаан мөнгө, магнаг торго, хувцас, бүс зэрэг зүйлийг шагнаж өгч байсан гэдэг. Хотод арын гэгээний сүм гэж байх. Өндөр гэгээний Халхын ард түмний хөрөнгөөр боссон сүм юм билээ. Хотоос урагш явахаар төстэй хэдэн сүм байх нь Хаагийн дацан гэгдэх. Давхар байшин сав гэгдэх зүйл байхгүй ихээхэн бохир гудамжтай. Эвдэрхий байшингийн гудамжинд нь хүн унтаж л байх. 

-Их Хянганыг давсан талаар мөн ярьдаг шүү дээ?

-Долнуураас цааш элсэн манхан дуусаж Хянганы нуруунд тулж ирдэг. Хянганы нуруу өндөр гэж жигтэйхэн сүрлэг нүцгэн уул. Мөчид дөрвөн хөлтний мөр нь гараагүй оргил, мөгөөрс нимгэн хоолойтны дуу хүрээгүй оргил гэж шүлэгт гардаг даа. Яг л тэр дүрслэл. Өндөр гэж жигтэйхэн газрыг бид давж билээ.Тэр нурууг давна гэдэг бэрх даваа байсан. Тэр өдрүүдэд борооны үе таарсан уу жигтэйхэн их бороо орж билээ. Хувингаар цутгаж байгаа мэт үргэлжилсэн ус асгараад л. Гутлын түрүү усаар дүүрч, морины ачаа улам хүндэрнэ. Морь хөөрхий зүтгэдэгсэн. Харахад ч өрөвдөлтэй. Гэхдээ бид нэг километр яваад морио амраадаг байсан. Дээр үед Альпийн нуруунд байлдаж байхдаа Суворов жанжин, “Ямаа гарсан газар цэрэг гарах ёстой. Цэрэг гарсан газар их буу гарах ёстой” гэж дайрч байсан юм гэнэ билээ. Цул хад руу бид зүтгэхээс өөр аргагүй байв. Хөл алдсан зүйлс тэр дор жижигхэн цэг адил харагддагсан. Борооны үерийн ус тэр дор улаанаар эргэж сүртэй гэж жигтэйхэн. Үнхэ гэж голд манай хорооны нэгдүгээр сумангийн дарга, Халх голын дайнд амжилттай байлдсан Лувсандамбаа хоёр цэргийн хамт амь үйсэн харамсалтай жишээ ч бий. 

Гүн голоор морь самардаж байж гардаг юм билээ. Морь мамардахаар их ус дөрөөнөөс хөл салгах гээд амь дүйнэ. Шөнийн цагаар их амралт гэж хоёр, гурван цаг бид амардаг. Үүр гэгээрэхийн алдад Ч.Дугаржав дарга шинээр үүрэг өгч, хяналт хийхээр гардагсан. Нэг удаа есөн км орчим яваад хяналтын байртай, торон хашаа бүхий цэргийн анги олж харлаа. Байрнаас гараад урагш чиглэлд уулын суваг дагаад гүйж ороод байлаа. Барагцаагаар 100 орчим хүн байгааг тоолов. Энэ тухай ар тийш яаралтай мэдэгдсэн. Удалгүй мэдээ авч дарга ч ирсэн. “Хоёр талаас цус асгарах байлаа, сайн ажиллалаа” гэж үнэлсэн юм. Тэр үед дайсан буудахгүй л бол бүү түрүүлж бууд гэдэг байсан. Энэ явдлын дараа дарга намайг үнэлж билээ. Тагнуул ангийн дарга нарт өгдөг үүргээ бага дарга, байлдагч Лувсанбалданд өгч, амжилттай биелүүлж байгаа гэж ярьсан. Энэ тухайгаа би өмнө нь ярьж байгаагүй. Хилчдийнхээ хэвлэлд анх удаа ярьж байна.

Болгоомжилдог байсан. Харин сүүлд архивын баримт материал олж үзээд зоригтой болсон. Мөн миний бие дивизийн комисст ч орж явлаа. Мөн л архивт миний гарын үсэгтэй баримт нь бий. Миний бие бичиг үсэгтэй байсан нь энэ бүхэнд ихээхэн нөлөөлсөн. Тухайн цагт ихэнх цэргүүд бичиг үсэггүй байлаа шүү дээ. Зөвлөлтийн эрдэмтэн Суворов гэж хүн бичсэн байсан. “Бид эх орны дайны үед холбоотнуудын талаар ярихдаа Монгол Улсыг мартдаг. Гэтэл Монгол Улс Америкаас дутуугүй үүрэг гүйцэтгэсэн юм шүү. Өвлийн тэсгим хүйтэнд монголын нэхий дээлийг өмссөн хүн давгүй сайхан байдаг байсан. Нэхий дээл гэдэг танк, их буунаас дутуугүй байсан юм” гэж дурссан байна билээ. За ингээд санал хураалтын дүнг Хятад хэрхэн хүлээж авсан бэ гэдэг нь том асуудлыг үлдээгээд дайны талаарх ярилцлагыг өндөрлөе. 

-“Эх орны манаа” сонины түүхт 80 жилийн ой энэ онд тохиож буй шүү дээ. Та тус сонинг ахин байгуулагдахад нь өлгийдөж авсан хүн. Анх сонинтой хэрхэн ажил үйлсээ холбосон юм бэ?

-Би Намын төв хороонд ажиллаж байсан юм. Улс төрийн товчооны орлогч гишүүн, төв хорооны үзэл суртлын хэсгийн нарийн бичгийн гишүүн Б.Лхамсүрэн намайг дуудлаа. “Улс төрийн товчооноос “Эх орны манаа” сонинг эрхлэн гаргах боллоо. Энэ сонин гарахын учир нь Хятадууд өглөө оройгүй бидний эсрэг ухуулж байна. Бид намын гишүүдэд жилд нэг удаа захидал бичиж, аман маягаар ажлаа хийх нь үр дүнгүй байна. Тиймээс “Эх орны манаа” сонинг сэргээж ухуулан сурталчилна” гэсэн. Би эхлээд дурамжхан байсан. Эрдэм шинжилгээний ажил сонирхдог, академид ажиллаж судалгаа хийх бодолтой байгаагаа ч хэлсэн. Гэтэл надад архиваар нээлттэй үйлчлүүлэх эрх, ахуй хангамжийг ч ахиулна гэлээ. Гэр бүлээрээ тусгай эмнэлэг мөн аравдугаар дэлгүүрээр үйлчлүүлэхэд анхаарья гэсэн. Тэр дэлгүүрээр хүн бүр үйлчлүүлэхийг хүсдэг байлаа шүү дээ. Гэр бүлтэйгээ ярилцсан манай хүн дэмжиж байна. Ингэж сониндоо би гэдэг хүн машин унаад ирсэн юм. “Эх орны манаа” сонинг завсарлаад гарсан анхны дугаараас нь хариуцан 10 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд “Эх орны манаа”-гийн Лу гэж овоглогдох болсон. Олон ч сайхан үйл явдлын гэрч болж, оролцож явжээ. 

-Сонины бодлогыг тухайн үед хэрхэн тодорхойлж байв? 

-Уншигчид “Эх орны манаа” сонинг унших дуртай байсаар ирсэн. Одоо ч энэ хэвээр байгаа болов уу. Тэр үед гадагш нь гаргаж тарааж болохгүй гэсэн заалттай байлаа шүү дээ. Зөвхөн Төв хорооны улс төрийн товчоо, хилчдийн дунд тараагдах журамтай байсан. Хятадын тухай тусгай материалыг орос хэлээр бэлтгэн оруулдаг байлаа. Анги, салбарын амьдрал, командлалын шийдвэр, нам улс төрийн ажил, нам эвлэлийн бага хуралд идэвхтний хурлуудын материалыг манай сонинд нийтэлдэг байсан. Дарга нар ялангуяа ангийн дарга нар “Эх орны манаа” сониноос их айдаг байлаа шүү дээ. Учир нь сонин дээр нэг удаа шүүмжлүүлж нэр гаргахын оронд хичнээн ч хамаагүй тушаалаар шийтгэгдсэн нь дээр гэж үздэг байсан. “Байгууллага даяараа уншаад нэр хүнд унагачихна, сонин хэцүү” гэж Хүүжийгээс эхлээд ярьдаг байлаа шүү дээ. /Инээв.сур/ 

-“Эх орны манаа” сонины түүхэнд гүйцэтгэсэн үүргийг та юу гэж тодорхойлох вэ?

-Хилчдэд энэ сонин ихээхэн шаардлагатай байсан. Тус сонинд цэргүүд шүлэг, захидлаа илгээх дуртай. Бусад газрыг төдийлөн ойшоохгүй. Мөн анги, салбарынхаа амьдрал, ажил үйлсийг сурталчлах, олж унших их сонирхолтой байлаа. Зөвлөлтийн хилчдийн туршлага гэдэг тэдний хувьд их сонирхууштай сэдэв нь байсан. Хятадын болон хойд хөршийн мэдээллийг сонирхдог байсан. “Эх орны манаа” сонин энэ олон жилийн туршид үүргээ гүйцэтгэсээр ирсэн, одоо ч гүйцэтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна.  

-Тус сониноор овоглогдох үе үеийн ахмадуудтайгаа та мэндчилэхгүй юу?

-Анх Халхын голд гарч байсан “Эх орны төлөө” сонин шүү дээ. 1939 оны Халхын голын байлдаан дууссаны дараа энэ сонинг цаашид яах вэ гэдэг асуудал яригдсан. Хилийн цэрэгт шилжүүлэн нэрийг нь өөрчлөн “Эх орны манаа” болгосон. Ингээд энэ сонинд ажиллаж байсан ахмад үе болон одоо ажиллаж байгаа залуу үедээ “Эх орны манаа” сонины 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Та бүхний ажилд амжилт, амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.  

Нэлээдгүй удаан ярьсан тул эрхлэгч багагүй ядрав бололтой хажуулдав. Эрхлэгчдээ нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе. 

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа