Түр хорооны гишүүд болон Улаанбаатар хотын удирдлагуудтай хийсэн уулзалтаар УИХ-ын дарга гурван чиглэлээр үүрэг, даалгавар өгөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.18) Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Улаанбаатар хотын удирдлагуудтай 2021 оны долоодугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаар баталсан Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт болон ирэх намрын чуулганаар батлах Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдсан “Таван Т-гийн асуудал” буюу төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх, талцлыг эцэс болгох зэрэг ажил хэрэг явуулах учиртай. Тиймээс эдгээр асуудлын чиглэл тус бүрээр дэд ажлын хэсэг байгуулах чиглэлээр өнөөдөр ярилцана хэмээн тэмдэглэв.

Мөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд дагуул хот байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцсон талаараа тэмдэглэж, татвар, санхүүгийн хөнгөлөлттэй эдийн засгийн чөлөөт бүс бүхий дагуул хот бий болсноор Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл зэрэг хүндрэл зохих хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн, тус Түр хорооны дарга Э.Бат-Амгалан Улсын Их Хурлаар хэлэлцэх аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгаж, нэгдсэн санал, дүгнэлт гаргаж байх, хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоттой холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөлд Түр хорооны гишүүдийн саналыг тусгаж, батлуулсан. Ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй мэдээллийг Түр хороон дээр сонсох төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжих үндсийг бүрдүүлэх газрын хууль тогтоомжийн шинэчлэл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд анхаарч ажиллах олон асуудал бий хэмээв.



Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн дүрмийг зөвлөлдөх санал асуулгын үндсэн дээр нийслэлийн иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор хэлэлцэн, батлах ажлыг энэ ондоо багтаахаар яаравчлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой ач холбогдолтой эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот байгуулах асуудлаар Эдийн засгийн байнгын хороо, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо, Улаанбаатар хот хамтран ажиллаж, ажлаа нэг бодлогоор зангидаж явуулах, Улаанбаатар хотын хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгах саналаа Сангийн яамтай нэгтгэн оруулж ирэх гэсэн гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

УИХ-ын даргаас чиглэл болгосон дээрх асуудлууд болон уулзалтын сэдэвтэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн товч мэдээлэл хийхдээ Улсын Их Хуралтай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын даргын нэр дээр Улаанбаатар хотын иргэдээс түгжрэл болон корона вирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар ихэвчлэн санал, хүсэлт ирүүлж буйг дурьдаад, иргэдийн тавьж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Түр хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг хүслээ.

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн С.Одонтуяа, Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ж.Чинбүрэн, П.Анужин нар уулзалтад оролцож, Хотын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал гишүүд нийслэлийн хилийн цэс, байшин барилга барих, газар олгох стандарт тогтоох, газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгө мөнгийг Нийслэлийн төсөвт тусгах, улсын төсвөөр болон Нийслэлийн төсвөөр хийх хөрөнгө оруулалтын зааг ялгааг гаргах, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд бодит хяналт тавих зэрэг өргөн хүрээнд асуудлыг тодруулсанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хариулт өгөхийн зэрэгцээ зарим асуудлаар эцсийн шийдвэр гаргахад УИХ-ын түвшинд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив.

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан УИХ-ын даргын өгсөн тодорхой гурван чиглэлийн дагуу Түр хорооноос ажлын хэсэг гарч, Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллах төдийгүй ирэх аравдугаар сард эхлэх намрын ээлжит чуулганд зарим асуудлыг оруулж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын хөгжилд чөдөр тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг засаж, залруулахын төлөө хичээж буй Улаанбаатар хотын ажлыг Улсын Их Хурал дэмжиж ажиллана. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Түр хорооны гишүүн бүр нэг ажил хариуцаж аваад, ард нь гарах хэрэгтэй. Дэлхий нийтийг сөхрүүлж буй цар тахлын хүнд үед Засгийн газар ч чадлаараа ажиллаж байна. Засгийн газрын ажлыг ч Улсын Их Хурал дэмжиж, цар тахлыг даван туулахын төлөө ажиллана.  УИХ-ын гишүүд ч том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэг санаатай ажиллаж буй гэдэгт итгэж байна. Одоо бол бүгд нийлээд ажил л хийх цаг.  Засаг төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, хаа хаанаа хариуцлагатай, сахилга баттай, нягт холбоотой ажиллахыг анхааруулж байна хэмээв. Уулзалтад УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар, З.Төмөртөөмөө  болон албаны бусад хүмүүс оролцов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа