Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийж буй албан томилолтоо Завхан аймагт үргэлжлүүлж байна.

Наймдугаар сарын 22-ны байдлаар тус аймагт коронавируст вируст халдварын 2725 тохиолдол бүртгэгдсэнээс 2336 нь эдгэрч, өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 357 хүн эмчлүүлж байна. Завхан аймгийн хувьд Ковид-19 цар тахлын халдвартай иргэнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөхгүй, хөдөө орон нутагтаа анх удаа эмчилсэн сайн жишигтэй. Вакцинжуулалтын явц ч харьцангуй хурдтай байгаа бөгөөд вакцинд хамрагдах ёстой нийт хүн амын 83.6 хувь нь бүрэн тунгаа авчээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх Шадар сайдын шийдвэр тус аймагт хангалттай сайн хэрэгжиж байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа онцлоод, цаашдаа хичээл сургууль эхэлж хөл хөдөлгөөн ихсэхээр PCR болон түргэвчилсэн оношлуур, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн баллон хүрэлцээгүй болох эрсдэлтэй байгааг дуулгав. Эдгээр асуудлуудыг Шадар сайд газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ Алдархаан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин, аймгийн Онцгой байдлын газарт “Пургон” автомашин нийлүүлэх, Мэргэжлийн хяналтын газарт шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, машин техник хэрэгслийг шийдвэрлэхээр боллоо.

Завхан аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хуваарийн дагуу хангагдаж байгаа бөгөөд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд багш, ажилтнуудаа бүрэн вакцинжуулсан бөгөөд 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулаад дуусаж байгаа аж.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх хүрээнд Аймгийн Онцгой комиссын гишүүдэд 24 сумаа хуваарилж өгөөд, “Ногоон сум” болгох зорилтот аян зарласнаа аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Д.Түвшинжаргал Шадар сайдад танилцуулсан юм.

“Хүүхдүүдийнхээ эрдэм боловсролыг орхигдуулахгүйн тулд өндөр эрсдэл, өндөр хариуцлагын дор хичээл сургуулийн үйл ажиллагааг цахим, танхимаар хослуулж эхлүүлэх шийдвэрийг бид гаргасан. Тиймээс хичээл эхлэхээс өмнө бэлтгэлээ сайтар хангаж, төр засаг, багш, сургууль, эцэг эхчүүдийн бүх талын оролцоотойгоор хүүхэд багачуудаа аливаа эрсдэлээс хамгаалах ёстой. Мөн цар тахлын шинэ төрлийн мутациудтай тэмцэх шинэ тутам сорилтуудтай амаргүй өвөл биднийг хүлээж байгаа учраас зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй төрийн бүх байгууллагууд салбар хоорондын уялдаа холбоогоо ханган идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй” хэмээн Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа