Монгол Улс, АНУ хооронд байгуулагдсан Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцов
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулагдсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцохоор холбогдох албан тушаалтнууд оролцож байгаад талархал илэрхийлэв.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар Ил тод байдлын хэлэлцээрт тусгагдсан үүрэг, даалгавараа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр нь Улсын Их Хурлаас батлан гардаг хуультай нэгэн адил хүчин төгөлдөр. Ил тод байдлын хэлэлцээрээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авилгатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой болно гэв.
АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд 2013 онд Монгол Улс, АНУ Ил тод байдлын хэлэлцээрт гарын үсэг зурж, 2017 онд хүчин төгөлдөр болсон хэмээн уулзалтын эхэнд товч танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлаас өргөн баригдах гэж буй хууль, тогтоомж тэр дундаа Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль нь тус хэлэлцээрийн хэрэгжилтэд чухал ач холбогдолтой болох тул энэ талаар мэдээлэл авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уг хэлэлцээрийг хэрэгжүүлж дуусахад хүчин чармайлт шаардсан дөрвөн жил болох ба ирэх жил гэхэд үр ашгаа өгнө гэдэгт найдаж байна гэлээ.
Хэлэлцээрийн хэрэгжилттэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хууль зүй, дотоод хэргийн яам Хэлэлцээрийг эрчимжүүлэх хүрээнд 2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Гадаад харилцааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан тушаал гарсан. Уг тушаалын хэрэгжилтийн хүрээнд журам батлагдаж, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээрийн орчуулгыг ГХЯ, УИХ-д өргөн баригдсан хуулийн төслийг ЗГХЭГ, батлагдсан хуулийн төсөл болон холбогдох журмын англи хувилбарыг ХЗДХЯ тус тус хариуцан www.legalinfo.mn цахим хуудсанд байршуулж байна. Өнөөдрийн байдлаар 110 гаруй хууль англи хэл дээр орчуулагдаж, тус цахим хуудсанд байршуулагдсан, үүнээс 43 хууль Ил тод байдлын хэлэлцээртэй шууд холбоотой гэв.
Тэрбээр үрэлжлүүлэн Хууль тогтоомжийн тухай хууль болон Нийтийн мэдээллийн тухай хуулийн талаар мэдээлэл хийв. Нийтийн мэдээллийн тухай хуулийг энэ оны хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн, ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг энэ оны намрын чуулганы хугацаанд өргөн баригдахаар ажиллаж байна. Уг хуулийн төсөлд Ил тод байдлын хэлэлцээрийг эрчимжүүлэх заалт тусгагдсан гэв.
Талууд үргэлжлүүлэн Ил тод байдлын хэлэлцээртэй холбогдуулан хууль, эрх зүйн зохицуулалт, хуулийн орчуулга, цахим платформ, техникийн шийдэл зэрэг бусад асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл