- Сэтгүүлч
- 2021/09/09
- 1080
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын даргатай уулзав
Парламентын дарга нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-той 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Вена хотноо уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын нягт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.
"Ковид-19" цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж буй хүнд цаг үед Монгол Улсын гуравдагч хөрш, Япон Улсаас дэмжлэг үзүүлж ирсэнд УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв. Мөн ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл харилцан солилцох ажлыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг талууд онцлов. Тэмдэглэлт ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад айлчлаасай гэж хүсч буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлж, Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-г тааламжтай цагтаа мөн Монгол Улсад айлчлахыг урив.
“Япон лугаа хөгжье” санаачилгыг Монгол Улсын төр засаг дэвшүүлэн ажиллаж байгаад Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико талархал илэрхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.
Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцов.
Сэтгэгдэл