Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэгийн боловсрол” хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.09.30.) Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ нь “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх нь билээ.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хироюки Кобаяаши, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтан, эрдэмтэн судлаачид, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Технологийн IY хувьсгалын эрин үеэс гадна насан туршийн боловсролын шинэ чиг хандлага болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд боловсролын салбарт гарсан ололт амжилт, алдаа дутагдлаа засаж залруулж, боловсролын салбараа цогцоор нь эргэн харах шаардлага гарсныг онцлон тэмдэглээд даяаршлын эрин үед өөрсдийнхөө өв уламжлалыг хадгалж, шинэ инноваци, олон улсын жишигт боловсролын стандартаа нийцүүлж чадсан Япон улсын туршлага бидний анхаарлыг татсан. Иймд “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцья" гэсэн уриаг дэвшүүлснийг онцлов.
Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэх боловсролын багц хуулийн төсөлд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл гэсэн зургаан хуулийн төсөл багтаж байгааг дурдаад хүмүүнлэгийн боловсролыг хуульчлах нь чухал гэж Улсын Их Хурал үзэж, энэ хүрээнд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсгийг тусад нь байгуулсныг тодотголоо.
Түүнчлэн УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, энэ хэлэлцүүлгээр Та бид боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсохын зэрэгцээ бидэнд үлгэр дуурайл болж буй Япон Улсын боловсролын тогтолцоо, боловсролын реформ, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт, хүүхэд багачуудад ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролыг хэрхэн олгодог талаарх туршлагатай танилцах юм. Тиймээс энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төслүүд улам чамбайрч, хэлэлцүүлэгт оролцож буй Та бүхэн ч туршлага, мэдлэгтээ санаа авч, манай боловсролын шинэтгэлд чухал ахиц өөрчлөлт гарах эхлэл болно гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэв.
Дараа нь хэлэлцүүлэгт цахимаар оролцож байгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хироюки Кобаяаши үг хэллээ. Тэрбээр юуны өмнө, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар улсаа мандуулан хөгжүүлэхийг зорьж хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, шинэчлэх үйл ажиллагааг эрчимтэй эхлүүлж, энэ үйл ажиллагааны хүрээнд Япон улсын хөгжлийн туршлагыг судалж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, улс орон бүр өөрийн орныг хөгжүүлэхийн тулд үргэлж хичээл зүтгэл гаргаж, бусдын хөгжлийн туршлагыг судлах нь ач холбогдолтой байдгийг дурдаад Япон улс ч хөгжлийнхөө шатанд бусад улс орны хууль, дэг журмаас суралцаж, тулгарсан асуудлыг даван туулж, өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулж, өдийг хүртэл хөгжиж ирсэн. Япон улсын хөгжлийн туршлагыг судлах нь Монгол Улсын хөгжил дэвшилд бага ч болов хувь нэмэр орвол баяртай байх болно гэдгээ онцлон тэмдэглэсэн.
Үргэлжлүүлэн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын дарга болон Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнтэй бид хэлэлцэн ярилцаж, өнөөдрийн “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэгийн боловсрол” хэлэлцүүлгээс эхлэн цаашид эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Засгийн газрын үүрэг, оролцоо, үр дүнтэй хөгжлийн төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрийн албаны тогтолцооны шинэчлэл зэрэг чухал сэдвүүдээр цуврал хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн. Энэхүү цуврал хэлэлцүүлгээр Япон улсын туршлагыг хуваалцаж, Улсын Их Хурал дээр хэлэлцэх бодлого боловсруулах эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр болох зорилготойг онцолсон. Мөн энэ хэлэлцүүлэгт Японы боловсролын шинэчлэл, боловсон хүчний боловсролын салбарт тэргүүний хүн гэгддэг Цүкүбагийн Их Сургуулийн профессор Тэрүюки Фүжита багш болон Японы боловсролын засаглалын гол ноён нуруу болон ажиллаж байгаа Япон Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Үндэсний боловсрол бодлого судалгааны хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн судалгааны төвийн Ийзүко Хидэхико судлаачид оролцож, мэргэжлийн гүнзгий мэдлэг болон Япон улсын туршлагаас хуваалцах болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням боловсролын багц хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Тэрбээр, Монгол Улс 1963 онд Сургууль, амьдралын боловсролыг бэхжүүлж, ардын боловсролын системийг цаашид хэрэгжүүлэх тухай хуулийг анх баталснаас хойш Боловсролын ерөнхий хуульд 26, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд 13, Дээд боловсролын тухай хуульд 10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд 7, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд 6 удаа тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байдгийг дурдаад Боловсролын ерөнхий хуулийн төслийн хүрээнд боловсролын салбарт тулгарч байгаа асуудал, сургахаас суралцахуйд шилжихэд юу хийхээр төлөвлөсөн, олон улсын хөтөлбөрүүдэд үндэсний ерөнхий боловсролын хөтөлбөрийг уялдуулах, дүйцэх, тооцох, дэлхийн нийтийн чиг хандлага- боловсрол дахь цахим шилжилт, зайны сургалтыг хэрхэн хийх, сурлагын чанар, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг хэрхэн олгох, хөндлөнгийн үнэлгээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Дараа нь Цүкүбагийн Их Сургуулийн профессор Тэрүюки Фүжита “Япон улсын боловсролын тогтолцоо” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ дайны дараах үеийн тус орны боловсролын гол шинэчлэл, эдийн засгийн хөгжлийн бодлого ба боловсролын бодлогоо хэрхэн уялдуулж, “Япон маягийн хөдөлмөр эрхлэлт"-ийн тогтолцоог хэрхэн бүрэлдүүлсэн талаараа болон боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, улмаар ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад ямар систем нэвтрүүлж, тэр нь сургалтын хөтөлбөрт үзүүлсэн нөлөө болон дэлхий нийтэд тус улсын боловсролыг өндрөөр үнэлсэн талаар танилцуулахын зэрэгцээ энэ салбарт өнөөдөр шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлуудынхаа талаар ч тодорхой мэдээлсэн.
Харин Монгол Улсын Их Сургуулийн профессор, доктор Д.Дашдулам “Монгол ба Япон Улсын боловсролын салбарын шинэчлэл” илтгэлдээ, орчин үеийн боловсролын үзэл баримтлал, Япон, Монголын боловсролын салбарын шинэчлэл болон боловсролын салбарын шинэчлэлд хийсэн Японы туршлагын талаар хөндлөө.
Харин дэд профессор Б.Оюунцэцэг “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд боловсролын шинэчлэл сэдвээр тус хурал зохион байгуулагдаж буйтай уялдаад Монголын ерөнхий боловсролын сургуулийн багш нараас авсан судалгааны дүнд үндэслэн, ёс суртахууны боловсролын хөтөлбөр боловсруулалт, багшлах боловсон хүчин, ёс суртахууны боловсролд уламжлал, ёс заншлын талаарх сэдвийг хэрхэн авч үзэх вэ гэсэн гурван сэдвийг хөндөж, Японы зарим туршлагаас хэлэлцүүлэх зорилгоор уг илтгэлийг бэлтгэсэн гэдгийг тодотгосон.
Тухайлбал, 2009, 2014, 2021 оны судалгаагаар багш бэлтгэх их сургуульд ёс суртахууны боловсролын онол, арга зүйн талаар хичээл үзэж байгаагүй гэж дийлэнх багш нар хариулсныг онцлоод одоогийн байдлаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн хөтөлбөрт ёс суртахууны боловсрол гэсэн хичээл бакалаврын хөтөлбөрт тусдаа байдаггүй. Нийгмийн ухааны багш, түүхийн багш болохоор сурч буй оюутнуудад хоёр мэргэжилд л “Ёс зүй” хичээл хоёр кредит цагаар орж байна гэж байлаа.
Мөн тэрбээр, 2021 оны судалгаагаар багшийн ном, сургалтын хэрэглэгдэхүүн хомс, хичээлийн агуулга нь заахад хүндрэлтэй, багш нарт үе шаттай сургалт шаардлагатай талаар шүүмжлэлтэй хандсан багш цөөнгүй байсныг дурдаад “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг 1-12 ангид орж байгаа тул энэ мэргэжлээр багш бэлтгэх асуудлыг судлах шаардлагатай нь харагддаг гэдгийг тодотгосон. Японд ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх авахын тулд “Ёс суртахууны онол, заах арга зүй” хичээл заавал үзсэн байх шаардлагатай байдгийг онцлоод уг хичээлээр ёс суртахууны мөн чанар, хөгжлийн онол, ёс суртахууны боловсролын түүх, үндэсний боловсролын хөтөлбөрийн зорилго, агуулга, заах арга зүй, ёс суртахууны боловсролын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга, сургалтын материал, хичээл төлөвлөлт, үнэлгээ зэрэг сэдвийг судалдаг гэдгийг тодотгож байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ боловсролын багц хуулийн төсөл, салбарын шинэчлэлийн асуудалд зайлшгүй тусгах шаардлагатай асуудлаар санал хэлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хариултдаа, Боловсролын багц хуулийн төслөөр боловсролын шинэчлэлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад уялдуулахын зэрэгцээ сургахаас суралцахуй руу шилжихэд буюу мэдлэгийг хуримтлуулах бус олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж чаддаг болоход чиглүүлнэ гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн, Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам, их, дээд сургуулийн чанарыг сайжруулахад тавигдах шаардлагыг өндөрсгөх, элсэлтийн бодлогыг тодорхойлж, элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг сайжруулах, боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавихад мэргэжлийн холбоодыг оролцуулах зэргээр дээд боловсролын салбарын асуудалд хуримтлагдсан асуудлыг зохицуулахаар холбогдох хуулийн төсөлд тусган ажиллаж байгаа талаараа дурдаж байлаа.
Хэлэлцүүлгийг төгсгөлд Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, боловсролын асуудлыг зөвхөн багшийн үүрэг хариуцлага, эцэг эхчүүдийн оролцооноос шалтгаалах мэтээр хэн нэгэнд хамаатуулах учиргүй юм. Энэ бол бүх нийтийн үйл хэрэг. Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн амьдралынх нь бүхий л хугацаанд боловсрол, мэдлэг, ёс зүйн хүмүүжил, төлөвшлийн асуудлууд байнга хамт байх учиртай. Тиймээс боловсролын салбарыг цогцоор нь харж, асуудлыг ул суурьтайгаар судалж, бүх нийтийн ухамсар, сэтгэлгээний өөрчлөлтийн түвшинд хандаж, үүнийг нь багш сурган хүмүүжүүлэгчид маань манлайлан хэрэгжүүлснээр нийгэмд бодит өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэдгийг тодотгов. Энэ үндсэн дээр өнгөрсөн сургамж, алдаа оноондоо дүгнэлт хийж, алс хэтийн харж, зөв оновчтой шийдлийг эрэлхийлэх үүднээс Улсын Их Хурал боловсролын багц хуулийн төслүүд, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлд нухацтай хандаж, япончуудын бэлэн туршлага, арга барил, өөрийн улс орны онцлог, эрдэмтэн судлаачид, салбарын хамт олны санал бодлыг шингээн тусгах замаар тал бүрээс нягталж байж эцэслэн батлах болно гэдгийг онцолж байлаа.
Мөн бид шинэ зам зохиох бус, хөгжлөөрөө дэлхийд үлгэр жишээ болж буй япончуудын туулсан замыг судлах нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Япон Улс нь тухайн үедээ дэлхийн гайхамшиг гэж нэрлэгдэж байсан үсрэнгүй хөгжлийн загварыг бий болгосон онцлогтой. Тиймээс Япон маягийн хөгжлийн загвар, туршлага бидний сонирхлыг ихээхэн татаж байгааг дурдаад геополитик болон эдийн засгийн нөхцөл байдлын хувьд хоёр том хөршийн дунд оршдог, цөөн хүн амтай, асар уудам газар нутагтай манай орны хувьд Япон маягийн зохицуулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлого илүү тохиромжтой гэдгийг онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл