Манай улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцтай танилцлаа
Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн 2020 оны тавдугаар сараас 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад уламжиллаа.
Уг төсөл нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёр дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга нар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих боломжийг хамтран судлах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь олон жил яригдсан энэхүү төсөл хэрэгжих эхний бодит алхам болсон.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар ОХУ-ын “Газпром” НХН-тэй “Эрмэлзлийн санамж бичиг”-ийн төслийн талаар Оросын талтай хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Монгол Улсын Шадар сайдад зөвшөөрч, мөн түүнчлэн байгалийн хийн хоолойн төсөлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг Монголын талыг төлөөлж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд “Эрдэнэс газ” төслийн нэгжийг байгуулан ажиллуулсан.
Уг төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц төсөл бөгөөд төслийн хууль эрх зүйн орчин, геодизийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж дууссан байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаас “Газпром” НХН-ийн холбогдох албан тушаалтнуудтай байнга, тогтмол хэлбэрээр цахим хурал хийх, утсаар холбогдох зэргээр ажил төрлийн уялдаагаа ханган, төслийн ажлыг тасралтгүй урагшлуулан явуулахад онцгой анхааран ажиллаж байгааг төслийн удирдагч Л.Амарсанаа Шадар сайдад мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолойн төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг сануулж, ойрын хугацаанд “Газпром” НХН-ийн удирдлагуудтай уулзах, цахим хэлэлцээр хийх бэлтгэлийг хангахыг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаад үүрэг болголоо.
Сэтгэгдэл