Цагаан тоос дарах төхөөрөмж цаг, мөнгө хэмнэж байна
Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй 2000 гаруй га талбайг эзэлдэг. Үүнээс 1300 га нь хуурай бөгөөд 900 орчим га талбай нь цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс юм. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосжилтыг бууруулахад талбай услах, хөрсөөр хучих, салхины чиглэл өөрчлөх, цаг уурын хүнд нөхцөлд ургадаг мод суулгах, тусгай бодис хэрэглэн гадаргууг бэхжүүлэх зэрэг арга ашигладаг. Гэсэн ч далангийн тогтворжилт, хаягдлын усыг дахин хэрэглэдэг үйлдвэрийн технологид сөргөөр нөлөөлдөг, өртөг өндөр зэргээс шалтгаалан Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд флокулянттай булингаар цагаан тоос босдог талбайг хучих арга технологийг өргөн ашиглаж үр дүнд хүрч байгааг үзлээ. Энэ үйл ажиллагааны гол хэрэглэгдэхүүн болох Герман улсын BASF фирмийн CPS-30 маркийн цагаан тоос дарах төхөөрөмж Хаягдлын аж ахуйн 12 дугаар далан дээр холоос бараатай цайран харагдана. 305 сая төгрөгийн үнэтэй энэ төхөөрөмж нь урвалж хүлээн авах танк, шахуурга, ус хангамжийн иж бүрдэл, холигч гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд цагт 30 м3, 0.5 хувийн уусмал найруулах хүчин чадалтай. Түүнээс гадна тэжээл өгөлт, уусмал найруулалт, бүтээгдэхүүн шахах зэрэг бүх үйлдэл нь бүрэн автоматажсан төхөөрөмж, гэж ахлах механикч Э.Болдбаатар тайлбарлалаа.
Хаягдлын аж ахуйн хэсэг бүрд байрлах шугамаас салбарласан булинга хаях жижиг 50 хоолой байх бөгөөд тэдгээр хоолойгоор дамжуулан флокулянттай булингаа хаяхаар шийдвэрлэжээ. Ингэхдээ зуны хаялтын 12 дугаар далан дээр байрлах CPS30 загварын хутгалттай чанд 0.4-0.5 хувийн концентраттай уусмал найруулан ус дамжуулах хоолой руу насосоор шахахад 2-5 дахин шингэлж, цааш хоолойгоор салбар шугамуудад хуваарилдаг байна. Энэхүү хоолой нь хоорондоо километрийн зайтай гурван хэсэг газарт булинга хуваарилах 16 хоолойгоор дамжуулан, нийт гурван км талбайд бүрэн хучилт хийжээ. Бүгдэд нь зэрэг өгөх боломжгүй учраас тус бүрд нь 25 хоногоор 2-3 өдрийн зайтай дарагч урвалжаа өгдөг байна. Улирал солигдоход 12 дугаар далан дээр байрлуулсан флокулянт бэлтгэх, жигнэх төхөөрөмжийг 30х103 L багтаамжтай холигч танк, бусад бүрдэл хэсгийн хамт М4 далан руу зөөвөрлөж, суурилуулах хэрэгцээ шаардлага гардаг. Үүний тулд Автотээврийн цехээс 100 тонны ачигч кран захиална, Хаягдлын аж ахуй, Засвар угсралтын цехийн хоёр бригадын 10 гаруй ажилтан тоног төхөөрөмжийг салгах, задлах, ачих, угсрах, суурилуулах, турших гээд бүтэн таван өдөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Задалсан төхөөрөмжүүдийг 100 тонны кранд ачиж, хамгийн урт хаялт болох найман км-ын зайд байрлах 4М даланд хүргэж, угсарч, суурилуулна. Ажлын явцад төхөөрөмж эвдрэх, цаг алдах, аюулгүй ажиллагааны эрсдэл үүсэх, зардал өндөр, краны хүрэлцээ муу, технологийн процессын үе шат, дамжлага удаан зэрэг олон асуудал үүсдэг байсныг ажилчид төсөл хэрэгжүүлэн шийджээ. Чанарын хяналтын хэлтэст ашиглагдахгүй байсан хуучин хоёр чан ашиглан тоос дарах төхөөрөмжийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж 4М далан дээр суурилуулсныг нүдээр үзэж бахархлаа. Түүнээс гадна урвалж хүлээн авах танкийг зөөврийн ачигч кран ашиглан цэнэглэснээр Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн жигд ажиллагааг хангаад зогсохгүй цаг, мөнгө хэмнэсэн, хөдөлмөр хөнгөвчилсөн өндөр үр ашигтай ажил болжээ. Баяжуулах үйлдвэрийн ХАА-н хэсгийн бүтээмж чанарын “Шинэчлэл”, Засвар угсралтын цехийн “Дөл” дугуйлангийн гишүүд хамтран Эрдэнэт үйлдвэрт нэн хэрэгцээтэй, цагаан тоос дарах төхөөрөмжийг гаднаас худалдан авах өртгөөс хямд зардлаар орлуулан хийж, урвалж хүлээн авах танк цэнэглэх төслийг тун амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад нэвтрүүлснээр 152 сая төгрөг хэмнэжээ. Өнгөрсөн жилийн өвлийн хаялтыг өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр хийсэн талбайд тоос дарах давхарга сайн тогтсон харагдана.
Хаягдлын аж ахуйн ахлах механикч Э.Болдбаатар Эрдэнэт үйлдвэрийн “Манлайлах, ур чадварын хөтөлбөр”-т хамрагдсан манай сайн ажилтны нэг. Тэрээр үйлдвэрлэлээс урсгалаар ирэх булингыг хойш нь шахах насосын элэгдсэн хэсгийг сэргээн засварлахаар арга ухаан сэдэж, сэтгэл оюунаа чилээж явна. Тэрбум төгрөгийн үнэтэй эдийн 10 хувь нь элэгдээд жагсаалаас гарна гэдэг дэндүү хайран. Сэргээн засаад 3000 цаг ажиллуулахад л үйлдвэрт үр ашгаа өгнө. Иймэрхүү өөриймсөг сэтгэлтэй, бүтээлч хандлагатай, ажилдаа эзний ёсоор ханддаг ажилтнуудаас үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл, дунд түвшний техникийн шинэчлэл, технологийн сайжруулалт, шинжлэх ухаан, технологи, инновацын төслүүд төрдөг. Тэр хэрээр Эрдэнэт үйлдвэр үр ашигтай ажиллаж, улсын сан хөмрөг арвиждаг.
М.ОДГЭРЭ
Сэтгэгдэл