О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна
-Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй иргэн байгаа. Үүний 17 хувь буюу 184.753 иргэн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдаад байна.
-Цахим орчинд III тунд хамрагдаад дархлаа суларч, халдвар авлаа гэх мэдээлэл гараад буй. Дархлаажуулалтын хувь ийм бага байгаа нь тус мэдээлэлтэй холбоотой юу?
-Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар “Ковид 19” халдварт өртөх, халдвар авах эрсдэл буурна гэдгийг тодотгоё. Бүрэн тун буюу хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш тодорхой хугацааны дараа вирусийн эсрэг тэмцэх дархлааны түвшин буурч байдаг. Тиймээс дархлааны түвшин буурч байх үед нь нэмэлт вакциныг хийснээр дархлаа сэргэн, вирусээс хамгаалах түвшинд хүрдэг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн цаг үетэй давхцан вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэн халдвар авсан байх үедээ вакцин хийлгэсэн байх магадлалтай байдаг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн, дэгдчихсэн байгаа тул хаанаас ч, хэзээ ч халдвар авах боломжтой гэсэн үг. III тунгийн дархлаажуулалт нь дельта хувилбарын тархалт хүн амын дунд бүртгэгдэж эхэлсэн цаг үетэй давхцаж эхэлсэн. Тиймээс олон нийтийг дельта хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс гурав дахь тунгийн дархлаажуулалтыг өрсөж хийж байна.
-Гурав дахь тунгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Сэргээх тунгийн вакциныг хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талуудтай.
-“Ковид 19” халдварт өвчнөөр өвчилсөн хүн нэмэлт тунд хамрагдаж болох уу?
-Хоёр тундаа бүрэн хамрагдаад халдвар авсан хүмүүс тодорхой хугацаанд нэмэлт тунгийн вакциныг хийлгэх шаардлагагүй. Вакцин хийлгэсэн болоод халдвараар өвчилсөн иргэдэд дархлааны түвшин тодорхой хугацаанд өндөр байдаг гэх судалгаа гарсан. Тиймээс халдвараар өвчилсөн иргэд хэсэг хугацаанд нэмэлт тунг хийлгэхгүй байж болно.
-Хотын харьяалалгүй иргэд нэмэлт тунд хамрагдахыг хүсвэл хаана хандах вэ?
-Нийслэлийн хэмжээнд 60 гаруй дархлаажуулалтын цэгийг нэмэлтээр байгуулж, дүүрэг тус бүрд зохион байгуулалт хийгээд явж байна. Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байгаа. Хэрвээ иргэн та харьяаллын бус газарт амьдарч байгаа, түр оршин сууж байгаа бол аль ч цэгт хандан нэмэлт тундаа хамрагдах боломжтой.
-III тунгийн вакциныг хийлгээд илэрч болзошгүй хариу урвалууд бий юү?
-Вакцин хийлгэсний дараа тодорхой хувьд нь хариу урвал илэрч болно. Хариу урвал нь 2-3 хоногт илрээд арилдаг. Вакцин хийлгэсний дараа халуурах, бие янгинаж өвдөх урвалууд илэрсэн тохиолдолд тухайн хүн өөртөө шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. Шинж тэмдэг нь өөрт зовуурьтай байгаа тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандан, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, эрүүл мэндийн байгууллага нь урьдчилан сэргийлэх, эмчлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсээр байгаа. Хэрвээ иргэн та хоёр дахь тундаа хамрагдаад гурван сар болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө халдвараас сэргийлэх, өмнөх хоёр тунгийн нөлөөгөөр тогтсон дархлааг сэргээх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх болно. Тиймээс иргэн та нэмэлт тунгийн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл