Засвар, угсралтын цехийн хамт олон түүхт 30 жилийн ойгоо угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу “Манлайлагч хамт олон ЗУЦ -2021” аяныг жилийн турш зохион байгуулж байна.

Энэ хүрээнд ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор  “Эрүүл хамт олон-эрхэм дээд баян” гурван сарын хөтөлбөрийг “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүллээ. Хөтөлбөрт долоон багийн 35 ажилтан хамрагдсан байна. Уг хөтөлбөрт оролцогчдыг эрүүл мэндийн замаар болон амралтын өдрүүдээр цэвэр агаарт дугуйгаар болон явганаар аялах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, ажилтнуудыг ажлын байрны дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвшихэд уриалах, эрүүл мэндийн чиглэлээр шинэ санал санаачилга гарган хэрэгжүүлэх, эрүүл зөв хооллолтыг хэвшүүлэх зэрэг олон үзүүлэлтээр дүгнэн шалгаруулжээ. Аяны хугацаанд ажилтнуудаас хамгийн их жин хассан нь 17 кг, хамгийн бага нь 2 кг жин хассан амжилт үзүүлэв. Мөн хэвлийн тойргийг 2-32 см хүртэл багасгаж, биологийн насыг 1-10 хүртэл залуужуулсан байна. Хувийн үзүүлэлтээр хөтөлбөрийн “Шилдэг оролцогч”-оор Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Батбаатар шалгарлаа. Тэрээр эрүүл мэндийн замаар болон Сархиа, Баян-Өндөр ууланд 35 удаагийн алхалт хийж, биеийн жингээ 17 кг хасаж, хэвлийн тойргоо 32 см-ээр багасгаж чаджээ. Мөн  тус цехийн ахмад ажилтан, ЗУХ-ийн дарга Л.Батсайхан хамт олондоо үлгэр дуурайл үзүүлж, эрүүл мэнддээ онцгой анхаарсан учир “Манлайлагч оролцогч”-оор тодров. Харин багийн нийлбэр дүнгээр Засварын хэсгийн “Шонхорууд” баг тэргүүлсэн бол Захиргааны хэсгийн “Альфа” баг дэд байрт шалгарсан юм. Түүнээс гадна ЗУХ-ийн ажилтан, уулын спортын Олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ далайн түвшнээс дээш 4220 метрт орших Сутай хайрханд амжилттай авиралт хийсэн нь журмын нөхдийнхөө урам зоригийг хурцалж, бахдал төрүүлсэн сайхан үйл явдал болсныг хөтөлбөрт оролцогчид онцоллоо. 

Шагнал гардуулах ёслолын үеэр эрүүл мэндийн гурван сарын хөтөлбөрт оролцогч багуудын үйл ажиллагаа, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн бөгөөд ажилтнууд эрүүл мэндийн хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх санал гаргав.

М.Одгэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа