Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ?
-2021 оны аравдугаар сарын 14-20-ны хооронд 1800-1200 тусгай дугаарт нийт 1556 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авсан. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.20 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 20 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.
-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 2021 онд хамгийн их үзүүлсэн үйлчилгээ юу байсан бэ?
-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Энэ онд нийт 1.252.002 үйлчилгээ үзүүлснээс 493.630 буюу 39.4 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ эзэлж байна.
Улсын бүртгэлийн газар нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр нийт 51 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд хамгийн их авдаг бөгөөд мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалан материалаа дутуу бүрдүүлэн, өөртөө чирэгдэл үүсгэх тохиолдол их гардаг. Тиймээс иргэд, олон нийт төрийн үйлчилгээний бүрдүүлэх материалын жагсаалт болон бусад мэдээ мэдээллийг burtgel.gov.mn, opendataburtgel.gov.mn болон 1800-1200 тусгай дугаараас авах боломжтой.
-Иргэд хамгийн ихээр авч буй улсын бүртгэлийн үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс улсын бүртгэлийн үйлчилгээг авахад тэмдэгтийн хураамжийг банканд дугаарлаж цаг алдахгүйгээр “Гэрэгэ киоск” цахим төлбөр тооцооны хэрэгслээр төлөх боломжийг бүрдүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 30 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг олгодог. Харин төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем буюу www.e-mongolia.mn-ээс 21 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг энэ оны долоодугаар сарын 1-нээс иргэн, хуулийн этгээд үнэ төлбөргүй авах боломжтой болсон.
Түүнчлэн төрийн үйлчилгээг авах иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж буй үйлчилгээний нэр төрлийг үе шаттай нэмэгдүүлж байна. Тухайлбал, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” болон “Драгон” салбарт 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг энэ оны аравдугаар сарын 18-наас үзүүлж эхэллээ. Цаашид иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбараас дээрх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл